Хүмүүсийн амь нас, эрүүл мэнд эрсэдсэнээс үүдэн гарах хохирлыг барагдуулах мөнгөн хөрөнгө бий болгож байсан тухай мэдээлэл хүн төрөлхтний түүхийн эрт үеэс тэмдэглэгджээ. Эртний Ромд мэргэжлийн цэргийнхний дунд харилцан туслах сан гэж байсан бол шашны оршуулгын кассууд ч байжээ. Хувийн даатгалын харилцан туслалцах энгийн хэлбэрүүдийг дундад зууны гар урлалын цех, хоршоодод хэрэглэж байв. Харин Европод 17-18-р зууны зааг дээр амьдралын даатгалыг далайн тээврийн даатгалд нэмэлт болгон бие даасан бизнес хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Өөрөөр хэлбэл, далайн хөлөг онгоц болон ачаа барааг даатгахын хажуугаар хөлөг онгоцны ахмадын амь насыг урт хугацаагаар даатгадаг байжээ.

 

Ийнхүү эрдэнэт хүний амь насыг ачаа бараанаас илүүгээр үнэлж, түүгээр ч барахгүй, олон жилээр, урт хугацаанд даатгадаг болсноор даатгалын тогтолцооны хөгжилд чанарын нэг алхам хийгдэж, амьдралын даатгал үүссэн түүхтэй юм. Улмаар даатгалын энэ төрлийг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэх шаардлага үүсэн гарч, английн бизнес эрхлэгч Жеймс Додсон 1663 онд Лондонгийн оршуулгын газруудад судалгаа хийж, нас барагсдын дундаж нас болоод жилд нас бардаг тохиолдлын тоог тогтоож, уг статистик мэдээллээ амьдралын даатгалын хураамжийн тооцоололд ашиглажээ.

 

Цаашид магадлалын онол хөгжиж, амьдралын даатгалын тооцоололтой Францын алдарт математикч Блез Паскаль, Пьер Ферма нарын нэр ч холбогддог. Амьдралын даатгал нь үнэхээр хүний амьдралын боломжит хэрэгцээ шаардлагыг аль болох бүрэн дүүрэн хангах зорилгоо улам бүр биелүүлэх болж, 1740 онд “Сайхан амьдралын нийгэмлэг”-ийг байгуулсан бол 1762 онд анхны даатгалын компани “Шударга амьдралын даатгалын нийгэмлэг” нэртэйгээр үүсэн байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Амьдралын даатгалын амин сүнс нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг өргөн хүрээгээр үнэлж даатгадаг ажиллагаа юм. Ердийн даатгалтай харьцуулбал гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчин эмгэгээс даатгадагаараа давуутай. Мөн амь насыг тань таны эд хөрөнгөтэй холбосон орон сууцны зээлдэгчийн амь насны даатгал ч байна.

 

Таны амь насыг зөвхөн Монголдоо даатгаад зогсохгүй, дэлхийн аль ч оронд өдөр шөнөгүй үйлчлэх амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтаас даатгах үйлчилгээнд ч хамруулна. Амьдралын даатгал нь амь нас, эрүүл мэндээс гадна хүний амьдрал ахуй, амьжиргааг мөн даатгаж байна. Амьжиргаа гэдгийн доор нэмэлт тэтгэвэр, тэтгэврийн даатгалын өв залгамжлал, эрүүл мэндийн онцгой даатгалууд, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн хуримтлал зэргийг хамруулан хэрэгжүүлж байна. Амьдралын даатгал нь даатгалын компанийн өөрийн эд хөрөнгө, нөөцийн сан, үүрэг хариуцлагаар хамгаалагдахын хамтаар гадаадын улс орны даатгалын компанид давхар даатгагддагаараа эрсдэл бага дагуулдаг. Одоо дээр хэлсэн амьдралын даатгалын давуу тал, нэмэлт үйлчилгээнүүдийг тодорхой жишээн дээр авч үзье.

 

Саяхныг хүртэл бид зөвхөн нийгмийн даатгалд өөрсдийгөө даатгаж ирсэн. Хөдөлмөрөө үнэлсэн бүх хугацаандаа цалин, хөдөлмөрийн хөлснөөсөө даатгалын төлбөр төлж, дараа нь өвдөж гэмтсэн үедээ эмнэлэгт хэвтэж, даатгалаа төлүүлдэг. Гэхдээ одоо бол ихэнх тохиолдолд нөгөө даатгалынхаа хажуугаар өөрөөсөө мөнгө нэмж төлдөг нь нууц биш ээ. Өвдөж гэмтсэн хүн бүр өөрсдийн зардлаар гадаад явж эмчлүүлж чадахгүй байгаа тохиолдолд өөрийн эх орондоо шаардлагатай эмчилгээг аль болох боломжит хэмжээгээр яаж авах вэ. Үүнийг одоогийн эрүүл мэндийн даатгал дангаараа даах уу гэдэг асуудал гарч ирдэг. Асуудлыг шийдэх нэг шийдлийг амьдралын даатгал өгч байгаа юм.

 

Амьдралын даатгалын шинэ бүтээгдэхүүнүүд олноор гарчээ. “Энэр” эрүүл мэндийн даатгалаар мэс заслын болон эмчилгээний зардлаа 10.0-50.0 сая төгрөгөөр нөхөн төлүүлэх боломжтой. Хүнд өвчний эрсдлийн даатгал хамрагдсанаар та жилд 200 доллар төлөөд 40.0-50,0 мянган долларын эмчилгээ хийлгэх боломжтой. Энэхүү үйлчилгээг танд “International SOS” байгууллага монголын амьдралын даатгалын компанитай хамтран зохион байгуулж өгнө. Эмнэлгийн мөнгө даатгалаар эмнэлэгт хэвтсэн хоног тутамд 10.0-40.0 мянган төгрөг авч болно. Тэтгэврийн даатгалын хувьд мөн адилхан. Нийгмийн даатгалд хамрагдаагүй болон хамрагдсан ч гэсэн нийгмийн даатгалаас авах нөхөн төлбөрөө бага байна гэж үзэж байгаа тохиолдолд сайн дурын тэтгэврийн нэмэлт даатгалд хамрагдаж болно. Хамгийн гол нь энэ даатгал нь амьдралын даатгалын бүтээгдэхүүн учраас бас л хуримтлал үүснэ. Тэтгэвэрт гарахаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан болон нас барсан тохиолдолд хуримтлагдсан бүх мөнгийг ар гэрт нь олгоно. Тэтгэврээ авч байгаа нас барсан тохиолдолд ч үлдэгдэл хуримтлалыг ар гэрийнхэн авна. Түүгээр үл барам, тэтгэврийн хуримтлалаа өв залгамжуулж, өөр хүмүүст шилжүүлэх боломжтой. Амьдралын даатгалын хуримтлал үүсгэх чадвар улам өргөжиж, орон сууцны хуримтлалын даатгал, хүүхдийн их, дээд сургуулийн төлбөрийн хуримтлалын даатгалуудаар өргөжиж байна.

 

Амьдралын даатгал нь хуримтлал үүсгэх үйл явцад хэд хэдэн оролцогчийг оролцуулах боломжийг хангадаг. Чухам үүн дээр залуу сайн ажилтныг уртхан хугацаанд тогтвортой, үр өгөөжтэй ажиллуулах гэсэн компанийн бизнесийн эрх ашгийг нэг газар тогтвортой, үр өгөөжтэй ажиллаад нийгмийн асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн ажилтны ашиг сонирхолтой зангидаж болох юм. Шинээр ажилд орсон залуу ажилтанд компанийн захиргааны зүгээс түүнийг амьдралын даатгалд хамруулаад, сард бүр 100.0 мянган төгрөгийн төлбөр хийх, ажилтан өөрөө 80.0 мянган төгрөгийн төлбөр хийх гэрээ байгуулахад 5 жилийн дараа 14-15.0 сая төгрөгийн хуримтлал үүсгэж болно шүү дээ. Ийм хуримтлал нь уул уурхай зэрэг залуу ажилтнуудыг уртхан хугацаанд тогтвортой, үр өгөөжтэй ажиллуулах сонирхолтой компаниудын хувьд санхүүгийн хувьд ямар хүндрэл үүсгэхгүй. Харин ч бага багаар урт хугацаанд төлөх төлбөрийн энэ хэмжээг хэд дахин өсгөж болох юм. Сүүлийн жилүүдэд компани, аж ахуйн нэгжүүд амьдралын даатгалын давуу талыг ойлгон даатгалд хамтрагдалт нэмэгдэж байна. Амьдралын даатгалд ажиллагсадаа хамруулсан компаниудын томоохон нь 1000 шахам ажилтантай байна.

 

Өндөр хөгжилтэй орнуудаас Японд амьдралын даатгал өргөн хөгжиж, дэлхийн амьдралын даатгалын нийт хураамжийн 32% нь япон улсад ноогддог ажээ. Японы амьдралын даатгалын томоохон Nippon Life Insurance Company нь 1882 онд байгуулагдаж, амьдралын даатгалын чиглэлээр мэргэшиж, давхар даатгалыг голлон хийж, дэлхий нийтээр 40 мянган салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний амьдралын утга учрыг мөнгөөр биш, тав тухтай сайхан амьдрал ахуйгаар хэмждэг япончууд амьдралын даатгалыг голлоод байгаа нэг юм хэлээд байгаа юм. Амьдралдын даатгал нь хуримтлалтай байдаг давуу талаараа зах зээлийн эдийн засгийн санхүүгийн тогтолцооны нэг чухал хэсэг болж байдаг. Чухамхүү амьдралын даатгалын хуримтлалын явцад үүссэн мөнгөн хөрөнгө нь томоохон бүтээн байгуулалт хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх нэмэлт эх үүсвэр болж байдаг ажээ.

 

Зарим тооцоогоор, өнөөдөр Монгол улсад Хүний хөгжил сангаас хүүхдүүдэд тарааж байгаа мөнгөн хөрөнгийн 1/3-ийг амьдралын даатгалд оруулбал тодорхой хугацааны дараагаар их, дээд сургуульд орох хүүхдүүдийн сургалтын төлбөрийг бий болгоод зогсохгүй, уг хуримтлал хийгдэх 14-15 жилийн хугацаанд 60.0-710.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн боломжит нөөц үүсэх юм. Өнгөрсөн хугацаанд бид зах зээлийн эдийн засгийн нилээд механизмыг бий болгосон. Гэхдээ энэхүү механизмуудын учир холбогдлыг мэддэггүй, ойлгодоггүй, ихэнх тохиолдолд ойлгохыг хүсдэггүй учраас эдгээр механизм ашиглагдахгүй, үхмэл хөрөнгө болоод байна. Үүний нэг жишээ бол Хүний хөгжил сангийн механизм юм.

 

Хүний хөгжил сангийн хуулийн 17 дугаар зүйлд монгол улсын иргэд уг сангаас хишиг, хувь хүртэх арга хэлбэрийг өөрөө сонгох бөгөөд тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хийлгэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөрөө төлүүлж болох юм. Иргэд энэ механизмыг хэр мэдэж, хэр үр өгөөжтэй ашиглаж байгаа болоо. Мөн нөгөө талд нь уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т сангийн хөрөнгийг арвижуулах зорилгоор дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр санхүүгийн тодорхой хэрэгсэлд хөрөнгө оруулах, үүний дотор хадгаламжид оруулж болохоор заасан байгаа юм. Төр энэ механизмыг хэр зэрэг үр өгөөжтэй ашиглаж байгаа вэ. Сүүлийн үед манай иргэд амьдралын даатгалын зарчмуудтай танилцаж, хуримтлалын ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр даатгалд хамрагдах, хуримтлалын янз бүрийн хэлбэрт оролцох болжээ. Зарим судалгаагаар өнгөрсөн онд арилжааны банкуудаар дамжуулан хүүхдийн мөнгө авсан нийслэлийн иргэдийн 20 орчим хувь нь хүүхдийн мөнгөө шууд хадгаламжийн дансандаа хийсэн байна.

 

Ер нь нэгэнт хуримтлагдсан боловч тухайн үед сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр дүнтэй ашиглаж байдгаараа зах зээлийн эдийн засгийн санхүүгийн тогтолцоо онцгой үр өгөөжтэй байдаг. Амьдралын даатгал хуримтлалд суурилдагийн нэг давуу талыг түүний бага өртөг гэж судлаачид үзэж байна. Судлаачдын үзэж байгаагаар банкинд хуримтлагдаж байгаа мөнгөн хөрөнгийн өртөг 17-18% байхад амьдралын даатгалд хуримтлагдаж байгаа мөнгөн хөрөнгийн өртөг 4-5% байдаг юм байна. Чухамхүү энэ нь хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааны үндэс суурь болж, хөрөнгө оруулалтын ачааллыг багасгаж, эдийн засгийн нийт үр ашгийг дээшлүүлж байдаг байна. Энэ чиглэлд манай улс амьдралын даатгалын санхүүгийн боломж, одоо нэгэнт үүсч хэрэглэгдэж байгаа механизмыг ашиглах талаар анхаарах ёстой.

Э.Энгүүн