Хүн бүр л өөрийн амьдралаа аз жаргалтай, элбэг хангалуун, санаа зовох зүйлгүй өөдрөг сайхан байгаасай гэж хүсч, энэхүү зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Харин хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн эрсдэлүүд байнга тулгарч байдаг. Жишээ нь аялал юмуу нислэгээр явах гэж байгаа хэн нэгэнд бараа бүтээгдэхүүн эсвэл өөрийн эд хогшил, бүр амиа ч алдах эрсдэл тохиолдож болно. Мөн гэр бүлээ тэжээгч нь нас барвал, үлдэж буй ар гэрийнхэн цаашид хэрхэн амьдрах, хэрэв тэтгэвэрт гарсныхаа дараа урт наславал санхүүгийнхээ хэвийн байдлыг хэрхэн хадгалж үлдэх вэ? гэх мэт асуудлууд амьдралд олон тохиолддог.

 

 

Иймээс хүн төрөлхтөн аль эртнээс урт наслах, эсвэл нас барах эрсдэлээс болж үүсэх санхүүгийн хүндрэлтэй байдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар бодож олсон санаануудаас хамгийн шилдэг шалгарсан арга нь даатгал юм.Амьдралын даатгалын үндсэн зарчим нь даатгуулагчдын төлсөн хураамжаар сан байгуулж өсгөн, хохирол учирсан хэсэгт тэр сангаа зарцуулах явдал бөгөөд энэ нь даатгуулагчдын тоо хохирлын боломжит тооноос их байх магадлал болон мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ буюу мөнгөний өсөлтийн хувь хэмжээн дээр тулгуурладаг. Хүмүүс XVII зуунаас эхлэн эрсдэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй авч үзэх болжээ. Даатгалын санг хөрөнгө оруулалтанд оруулж хэдий хэмжээний орлого олох, тэтгэврийн сан байгуулах зэрэгт чухал хэрэглэгдэх болсон нийлмэл хүүгийн талаар судалж эхэлжээ. Голландын математикч Кристиан Хугенс 1657 онд хэвлүүлсэн бүтээлдээ анх магадлалын онолын талаар дурьдсан байна. Амьдралын даатгал нь XVII-XVIII үед Англид анх үүссэн бөгөөд далайн даатгалын нэмэлт маягаар хийгдэж эхэлсэн байна. Тэр үед хөлөг онгоц болон ачааны даатгалын зэрэгцээ хөлөг онгоцны ахмадын амь насыг даатгадаг байв. Улмаар далайчдыг далайн аяллын үед нас барахаас даатгадаг клуб Лондонгийн Флитстритэд байгуулагджээ. Анх 1662 онд Лондоны худалдаачин Жонн Граунт хэдийгээр нэг хүний ирээдүйн амьдрах хугацааг мэдэх боломжгүй ч бүлэг хүмүүсийн нас баралт болон амьдралын зүй тогтлын загварыг олж харсан нь маш том ололт байлаа. Тэр Лондон хотын нас барагсдын тоонд статистик шинжилгээ хийх анхны санааг гаргасан ба тэрхүү мэдээлэлд нас баралтын тоог насаар нь ангилаагүй боловч нас барсан шалтгаанаар нь ангилсан байжээ. Энэ мэдээлэл дээр үндэслэн тэрээр 100 төрөгсөд тутмаас 6, 16, 26, гэх мэт нас хүртэл хэд нь амьдрахыг харуулсан алдарт “Амьдралын хүснэгт”-ээ зохиосон байна. Гэвч түүний хүснэгт 6 наснаас эхлэн 10 жилийн зайтайгаар амьдрах магадлалыг харуулсан тул амьдрах хувь хэмжээний талаар бодит илэрхийлэл болж чадаагүй.

 

 

Харин 1693 онд алдарт математикч Эдмонд Хэлли амьдрах магадлалыг шинжлэх ухааны үндэс суурьтай, нарийн сайн харуулсан Амьдралын хүснэгтийг (амьдрах магадлалыг насны бүлгээр бус нас бүрээр харуулсан) зохиосон нь түүнийг Европ даяар алдар хүндтэй болгожээ. Хамгийн чухал нь тэр өөрийн зохиосон Амьдралын хүснэгтийг ашиглан тэтгэвэрийн даатгалаар даатгуулагч хэдий хэмжээний хураамж төлөх хэрэгтэйг тооцон гаргасан байна. Даатгалын хөгжил, тэр тусмаа амьдралын даатгалын хөгжил нь математикийн салбарт гарсан амжилт, нээлт бүтээлүүдтэй салшгүй холбоотой. XVII зууны үед нэрт эртэмтэн Паскаль, Ферма нар магадлалын онолын зарчмыг томъёолох асуудлыг үндсэнд нь шийдэж чадсан нь амьдралын даатгалыг шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.Их тооны хуулийг 1714 онд нээсэн Швейцарийн математикч Бернуллийн бүтээл даатгалын салбарын цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. Математикийн салбарт гарсан дээрх амжилтуудын үндсэн дээр хураамжаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцсон анхны амьдралын даатгалын компани болох “Эквитэйбл” 1762 онд Лондонд байгуулагдсан байна. Энэхүү компаний даатгалын хураамжийг Лондоны математикч Жэймс Додсон Хэллигийн боловсруулсан аргачлал дээр тулгуурлан тооцоолж, аргачлалыг боловсронгуй болгосон бөгөөд уг компани одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Мөн 1762 онд “Эквитэйбл” амьдралын даатгалын компани нь актуар гэдэг нэр томьёог анх хэрэглэж эхэлжээ.

 

 

Энэ үеэс эхлээд амьдралын даатгалын суурь тооцоог хийх ажлыг Актуарын тооцоо гээд уг тооцооллыг хийдэг мэргэжилтнийг актуарч гэж нэрлэсээр ирсэн байна. Актуарч нь математик, статистик, эдийн засаг, санхүүгийн талаар өндөр мэдлэгтэй байх ба ирээдүйд тохиолдож болох тодорхой бус үйл явдлын магадлал болон, тоо хэмжээг үнэлж, түүнд тохирох хураамжийг тооцоолох, тайлан баланс дээр үндэслэн компанийн төлбөрийн чадварын түвшинг тодорхойлох, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлэх зэрэг ажлуудыг хийдэг байна. Олон оронд хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тооцоонд актуарын тооцоо нэвтэрч дэлхийн бүх улсуудад банк болон ердийн даатгалын салбарт зохих байр суурь эзлэх болжээ. Харин Монгол улсад анхны амьдралын даатгалын “Нэйшнл Лайф Даатгал” ХХК байгуулагдаж хураамжийн тооцоолол, нөөц санг байгуулах, компанийн төлбөрийн чадварын шалгуур тогтооход актуарын тооцооллын аргыг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна.