Хүн сэтгэлээсээ урган гарсан хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэх нь Амьдралын утга учир гэлтэй. Ганцхан олдох амьдралдаа агшин бүрийг хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зориулах, үр хүүхдийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй болгох, хойч үедээ дуурсагдах нэртэй, өвлүүлэх эд хөрөнгөтэй, сэтгэлийн амар амгаланг эдэлж амьдрах л жинхэнэ амьдрал юм. Мөнгөтэй холбоотой асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс та санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу.

Сайхан амьдралыг бий болгох, мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай мөнгөн хуримтлал бий болгож, амьдралын бүхий л салаа мөчирч үүсч болох санхүүгийн хүндрэлийг ямар ч бэрхшээлгүйгээр давах туулах сайхан боломж бий болжээ. Хүн өөрийн амь бие болон бүтээж бий болгосон материаллаг баялгаа аливаа аюул ослоос хамгаалах, ирээдүйн үүсэх санхүүгийн асуудлаа хүндрэлгүйгээр шийдвэрлэхийн тулд олон зууны туршид янз бүрийн арга хэлбэрийг хайж ирсний дотроос аюулаас хамгаалах дундын сан буюу даатгалын сан байгуулах нь хамгийн сонгодог хэлбэр болон ашиглагдаж ирсэн юм. Даатгалын санг бий болгосноор учирч болох хохирол алдагдлыг нөхөх урьдчилан сэргийлэх арга хэмжээ болохоос гадна та даатгалаар дамжуулан их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх боломжтой юм.

Даатгал нь таньд учирч болох бүхий л эрсдэлийн улмаас үүсэх санхүүгийн хүндрэлийг арилгахаас гадна цаашилбал иргэдийн хуримтлалын эрэлт хэрэгцээг хангахад тусалдаг. Иргэдэд томоохон зардал шаардсан арга хэмжээ авах болсон үед тухайлбал орон сууц авах, машин тэрэг авах, үр хүүхдээ гадаад, дотоодод суралцуулах, суурь тэтгэвэрээс гадна нэмэгдэл орлоготой болох, өв хөрөнгө үлдээх зэрэгт урсгал орлогоороо зардлаа даах боломжгүй байдаг учраас зайлшгүй мөнгөн хөрөнгийн хуримтлал бий болгох шаардлага гардаг. Энэхүү мөнгөн хуримтлалыг бий болгох нэг хэлбэр бол амьдралын даатгалын гэрээ байгуулах явдал юм. Та банкны хадгаламжинд хуримтлал үүсгэх боломжтой ч даатгал нь банкны хуримтлалаас илүү ач холбогдол таньд өгөх болно.

Бид банкны хадгаламжинд мөнгө хуримлуулахаар сар болгон хуримтлалын дансандаа мөнгө хийж, тэрхүү хуримтлал маань тодорхой хүүгээр өсөж байдаг. Гэвч бидний амьдралд ихээхэн хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардагдсан үед хуримтлалын дансан дах мөнгөө зарцуулах л гарц байдаг. Харин хуримтлуулсан мөнгө нь тэрхүү хэрэгцээг хангаж чадахгүй байх тохиолдол их гардаг. Учир нь бид хэдий хэмжээний мөнгө хуримтлалын дансандаа хийнэ, тэр хэмжээний мөнгөө эргүүлэн авдаг. Хэрвээ та хуримтлал бий болгохоор даатгалыг сонгосон бол таньд дараах боломжууд нээгдэх болно. Бидний амьдралд янз бүрийн эрсдэл тохиолдож байдаг.

 

 

Хатуу үгээр хэлбэл өөрийн амь насаа алдах, эсвэл гэр бүлийн гишүүнээ алдах, урт хугацааны зээлээ төлөх чадваргүй болох гэх мэтчилэн маш олон бэрхшээлүүд тулгарч байдаг. Харин энэ үед даатгалын ач тус таньд үйлчилж, энэхүү хүнд бэрхшээлээс аврах болно. Та өөрийн хуримтлалын дансандаа хийсэн мөнгөний хэмжээгээр биш та амь насаа үнэлэн даатгуулсан мөнгөн дүнгээр эргүүлэн авах болно. Жишээлбэл: та сар бүр хадгаламжиндаа хийдэг байсан 50 000 төгрөгөө даатгалын компанид шилжүүлж өөрийн амь насаа 50 сая төгрөгөөр үнэлэн даатгуулсан гэж үзье. Энэ тохиолдолд та хуримтлалын сандаа 1, 2 сар төлсөн ч бай үүнээс хамаарахгүйгээр танд эрсдэл тохиолдоход 50 сая төгрөг авах юм.

 

Үүнээс харахад та даатгалаар аливаа эрсдэлийн улмаас гэр бүл, үр хүүхдээ учирч болзошгүй санхүүгийн хүндрэлээс хамгаалахаас гадна, хуримтлал бий болгох боломж нэгэн зэрэг бүрдэж байна. Өөрөөр хэлбэл “нэг сумаар хоёр туулай буудах ” гэдэгтэй адил боломж нээгдэж байна. Үүнээс гадна та даатгалд хамрагдсанаар даатгалын баталгаа нь урт хугацаат зээлийн баталгаа болохоос гадна даатгалын баталгаагаа барьцаалан даатгагч болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авч санхүүгийн асуудлаа хялбархан шийдэх шинэхэн боломж олдож байна. Энэ бүх сайхан боломжийг чухам ямар төрлийн даатгалаар олж авч болох бол гэсэн асуулт их л сонирхол татаж байгаа нь мэдээж. Тэгвэл монгол улсад анх удаа амьдралын даатгалын компани байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь манай улсын санхүү- даатгалын системд гарч байгаа хөгжлийн томоохон алхам болж байна.

 

Энэхүү амьдралын даатгал нь хүмүүний амьдралд тохиолдож байдаг аливаа эрсдэлээс урт хугацаанд хамгаалахаас гадна их хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж дээр дурдсан сайхан боломжуудыг олгож байна. Амьдралын даатгал нь хувь хүнд маш олон талын ашиг тус өгөхөөс гадна даатгалын хуримтлалын тусламжтайгаар үндэсний эдийн засагт хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Банкны салбарууд сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг богино хугацаанд татаж хуримтлал бий болгодог бол даатгалын байгууллагууд тэр дундаа амьдралын урт хугацааны даатгагчид 10 ба түүнээс дээш жилийн хугацаатайгаар хуримтлал бүрдүүлдэг. Урт хугацааны даатгалын гэрээ байгуулж , тогтвортой их хэмжээний мөнгөн хөрөнгө төвлөрүүлснээр бизнесийн салбарын болон улс орны хувьд найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх боломж олгоно. Амьдралын даатгал нь таны материаллаг хангамжийг дээшлүүлж, санхүүгийн эрсдэлээс хамгаалах хамгийн тохиромжтой, гайхалтай, оновчтой арга хэрэгсэл тул та энэ боломжийг бүү алдаарай.