Өнөөдөр даатгалын зах зээлд том жижиг 17 тоглогч оролцож, жилдээ 90 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж байна. Хэдийгээр энэ нь санхүүгийн зах зээлд их жин дарж чадахгүй ч 10 жилийн өмнөхөөс даруй 15 дахин өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл шинэ мянган эхлэхтэй зэрэгцэн Монголын даатгалын салбар хөлд орж эхэлжээ. Цаашид өсвөр үеийг туулж насанд хүрэхэд хэдий хэрийн хугацаа хэрэгтэй вэ?

Даатгалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувийг эзэлж байгаа нь хөгжиж буй орнуудын дунджаас даруй 4 дахин бага байна гэсэн үг. Даатгалын тогтолцоо өндөр хөгжсөн орнуудын жишгээс харахад амьдралын болон ердийн даатгал хийдэг компаниуд үйл ажиллагааны чиглэлээрээ дагнаж ажилладаг байна. Монгол улсын хувьд 2004 батлагдсан Даатгалын тухай хуулиар даатгалын компаниудыг урт хугацааны болон ердийн гэж хоёр ангилжээ. Ийнхүү дэлхий нийтээрээ даатгалын салбарыг 2 хэсэгт тусад нь салгаж авч үзэх шаардлага яагаад бий болов оо?

Ердийн гэдэг нь эд хөрөнгө, хариуцлагын буюу тоног төхөөрөмж, барилга байшинд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох чиглэлтэй даатгал юм. Харин нөгөө талд эдгээр баялгийг бүтээж, эзэмшиж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн хамгаалалтад авч байгаа амьдралын даатгал байдаг. 2013 оны байдлаар дэлхийн даатгалын салбарын нийт орлого 4,6 их наяд америк доллар байсан бөгөөд үүнээс 2,6-г нь амьдралын даатгал, 2-г нь ердийн даатгалын компаниуд бүрдүүлсэн байна.

Ердийн даатгал нь байгалийн гамшиг /малын индексжүүлсэн даатгал/ болон хүний үйлдлээс /хариуцлагын даатгал/ үүсэн гарсан хохирлыг барагдуулахад чиглэдэг. Эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж харьцангуй өндөр.

Гэтэл амьдралын даатгал нь хүний амь нас эрсдэхэд ар гэрт нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өвдсөн тохиолдолд эмчилгээний зардал олгох, тэтгэвэрт гарах үед тогтмол орлоготой байлгах зэрэгт төвлөрдөг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний амьдралд эрсдэл тохиолдох магадлал нэмэгдсээр байдаг. Өөрөөр хэлбэл хүн байгалийн хуулийн дагуу хөгширч, хорвоогийн мөнх бусыг үзүүлэх жамтай. Өвдөх, нас барах, хөгшрөх нь хүн бүрд тохиолдох зайлшгүй эрсдэл бөгөөд түүнээс гарч болох санхүүгийн бэрхшээлийг арилгахад төвлөрдөг.

Амьдралын болон ердийн даатгалын гол ялгаа нь хураамжийн тооцоолол юм. Өөрөөр хэлбэл эрсдэлийн төвшинг тодорхойлж, түүнд тохирсон даатгалын хураамжийг тогтоох нь даатгалын компанийн гол үйл ажиллагаа байдаг. Хүн төрөхөөс эхлээд өсвөр үеийг туулж насанд хүрэх, сургуульд суралцах, ажил хөдөлмөр эрхлэх, тэтгэвэрт гарах гээд олон жилийг өнгөрөөдөг. Энэхүү урт хугацаанд тохиолдож болох эрсдэлүүдийг амьдралын даатгал тооцоолдог байна. Амьдралын болон ердийн даатгал нь эрсдэлийг үнэлэхдээ өөр хоорондоо ялгаатай аргачлал ашигладаг ба үүнийг ерөнхийд нь актуар тооцоолол гэж нэрлэдэг. Одоогоор Монгол улсад мэргэжлийн 15 актуарч даатгалын салбарын ирээдүйн хандлагыг тодорхойлж байна.

Ердийн даатгал нь гадаад орчин болон хүний үйлдэл эрсдэлд хэрхэн нөлөөлөх, түүнээс болж ямар хэмжээний хохирол гарах вэ гэдэгт судалгаа хийж хураамжийг тооцоолдог байна. Даатгалын хугацаа голдуу 1 жилээр хийгддэг тул шаардлагатай өөрчлөлтүүдийг цаг тухайд нь хийгээд явах бүрэн боломжтой байдаг.

Харин амьдралын даатгал нь хүмүүсийн амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал, нас, хүйснээс гадна нийгмийн хүчин зүйлд тулгуурлан ирээдүйн эрсдэлийг урт хугацаанд тооцоолон гаргадаг байна. Учир нь өнөөдөр 30-н настай залуу хүнийг даатгалд хамрууллаа гэхэд гэрээг урт хугацаанд байгуулах учир тухайн хүний хижээл насанд учирч болзошгүй эрсдлийг урьдаас тооцоолон бодож эрсдэлийн хэмжүүрийг тогтоодог байна.

Амьдралын даатгал нь даатгалын гэрээг урт хугацаанд байгуулдаг үндэслэл нь тухайн хүнийг нас барах эсвэл өвчин туссан үед даатгалын компанийн хураамжийг хэт нэмэгдүүлэн авах эсвэл даатгалын хамгаалалтыг зогсоох эрсдлээс урьдчилан сэргийлж буй хэлбэр юм.

Монголчууд 8 хувийн ипотекийн зээлийн шаардлагаар амь насны даатгалд өргөнөөр хамрагдах болжээ. Одоогоор 60 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан бөгөөд нэг зээлийн хугацаа нь дунджаар 15 жил байгаа аж. Ердийн даатгалын хувьд амь насны даатгалыг нэг жилийн хугацаагаар хийдэг бөгөөд зөвхөн гэнэтийн ослын улмаас амь нас нь эрсдвэл нөхөн төлбөр өгдөг байна. Харин амьдралын даатгал амь насны даатгалыг хийхдээ нэгээс олон жилээр хийх боломжтой байдаг. Мөн даатгуулагчийн амь насанд гэнэтийн ослоос гадна өвчний учир эрсдэл тохиолдвол зээлийн үлдэгдэл төлбөрийг нь амьдралын даатгалын компаниас хариуцдаг байна. Тиймээс урт хугацаагаар хийгдэх амь насны даатгалыг амьдралын даатгал хариуцдаг байна.

Даатгалын салбарыг хөгжүүлэх эхний алхам нь иргэдэд даатгалын боловсролтой байхаас эхэлнэ. Амьдралын даатгал болоод ердийн даатгал ямар ялгаатай, юуг, яаж хамгаалдаг, ямар тохиолдолд аль даатгалын компанид хандахаа мэддэг байх нь өөрийнхөө ирээдүйд оруулж буй эхний хөрөнгө оруулалт юм. Даатгалыг амьдралынхаа нэг хэсэг болгож чадсан хүнд гэнэтийн зүйлс гэж байхаа больж, санхүүгийн дархлаатай болдог. Эд хөрөнгө, хариуцлагатай холбоотой эрсдэлээ даатгахыг хүсвэл ердийн даатгалд, амь нас эрүүл мэндтэй холбоотой бол амьдралын даатгалд хандах нь даатгалын цогц үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.

Э.Жаргалан