...Facebook-ийн хэрэглэгчид, монголчуудаа!
Тусламж дэм яаралтай хэрэг болоод байгаа бяцхан хүү, түүний ээжид тусламжийн гараа сунгахыг уриалж байна! Эмчлэгч эмч нарых нь зүгээс гадаадад эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал өндөр байна гэсэн. Бид Герман, Тайланд, Солонгосын нэртэй сайн эмнэлгүүдтэй холбоо тогтоосон.
Сайхан сэтгэлт элэг нэгт ахан дүүс минь Хүүд тусалж хандивын аянд минь идэвхтэй оролцоно уу...

....Хоёр хөөрхөн ихэр хүүгийн нэгийг аврах боломж нь элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа. Энэ хагалгааг Монголд хийх боломжгүй тул БНСУ-ын АНАМ эмнэлэгт хийлгүүлэхээр болоод байгаа. Гэтэл хагалгаа болон эмчилгээний зардал нь 150 сая орчим төгрөг хэрэгтэй байна....

Элэг эмтэлж, өр зүсэм ийм үгтэй хандивийн уриалгууд сүүлийн үед цахим ертөнцөөр олонтоо тарах болсныг Монгол хүн бүхин өр шимшрүүлэн уншдаг. Хэд гурван төгрөгөөр тусалдаг ч гадаад орнуудад хийх эмчилгээний зардлынх нь хэдхэн хувийг л бүрдүүлдэг. Эрүүл мэндийнхээ төлөө хурааж хуримлуулсан мөнгөгүй, хэзээ нэгэнт цагт хэлж биш, хийсч ирдэг өвчин зовлонд нэрвэгдэхгүй мэт амгалан тайван монголчуудад ийм мессеж нэгийг бодуулж, хоёрыг сануулдаг болсоор удаж байна. Уг нь ажил эрхэлдэг монгол хүн  бүр Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Харамсалтай нь насаараа төлсөн ч , төлсөн мөнгөнийхөө 10 хувьд ч хүрэхгүй үйлчилгээ үзүүлдэг  ЭМД-ийн энэ шимтгэл тэнгэр хол, газар хатуу болсон үед бидний хэнд нь хэрэг болдог билээ. Өнөөдөр Монголд урьд өмнө  сонсогдож, дуулдаж байгаагүй элдэв янзын олон өвчнүүд илрэх болсон. Ихэнх нь гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад эмчлүүлэх шаардлагатай хэмээн оношлогддогоос олон монгол хүн  хамаг байдгаа зарж, үрж эмчилгээнд зарцуулж дууссаныхаа эцэст элэг нэгт ах дүүсээсээ хандив, тусламж гуйхаас аргагүйд хүрдэг. Ийм байдал хэдий болтол үргэлжлэх вэ.

Сүүлийн жилүүдэд Монголчууд гадаад улс оронд эмчлүүлэхэд тэрбум, тэрбумаар нь мөнгө зарцуулж байна. Энэ их мөнгөний хэдэн хувийг хувь хүн банкин дахь хадгаламжнаасаа эсвэл ЭМД-аасаа төлсөн бол. Гадаадад эмчилгээ хийлгэх тохиолдолд хувь хүн төлбөрөө 100 хувь төлөх ёстой. Доод тал нь 10 саяас эхлэх гадаад орон дахь эмчилгээний энэ төлбөрийг монголчууд бидний хэд нь халааснаасаа гаргах боломжтой билээ.  

Үүнийг шийдэх боломж гарцыг төрийн байгууллагынхан хэдэн жилийн турш л ярьж, хайсан. Өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй л байна. Харин хувийн даатгалын байгууллагууд  гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүмүүст зориулан ЭМД-ийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлжээ. “Нэйшнл Лайф Даатгал” компанийн “Энэр” нэртэй энэ даатгалд ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулдаг, нийгмийн хариуцлагатай манай үндэсний шилдэг компаниуд хамт олноороо хамрагдаж эхлээд байгаа юм байна.

10, 20, 50 сая төгрөгийн үнэлгээтэй энэ даатгалд даатгуулсан тохиолдолд та эх орондоо ч, гадаадад ч алинд нь ч эмчлүүлэх шаардлага гарсан  эмчилгээний зардлаа 100 хувь төлүүлэх боломжтой болж байгаа аж. Америкийн Голливудын одод сайхан дуу хоолойгоо, хөөрхөн царай зүсээ, анхаарал татам бие хаа, хөл, гараа хэдэн сая ам.доллараар даатгуулдаг. Женифир Лопес хэдэн жилийн өмнө өгзгөө  нэг сая ам.доллараар датгуулсныг сонсоод ухаан алдах шахаж байсан юм даг. Гэтэл өнөөдөр монголчууд бид бүхэл бүтэн бие, эрүүл мэндээ 50 саяар даатгах нь ус агаар мэт хэрэгцээтэй болохыг ухаарах цаг болжээ.

Эрүүл мэндээ 10 сая төрөгөөр даатгуулахад жилд 235,000-600,000 төгрөг.  Үүнийг 12 сард хуваавал сард 19,583-50,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.  Зарим нэг компаниуд шилдэг ажилтнуудынхаа хураамжийн 50 хувийг нь байгууллагаасаа төлдөг гэсэн. 20 мянган төгрөгийг бид юунд зардаг билээ. Цалингаасаа сар бүр  20-50 мянган төгрөг суутгахад зарим хүн ажрагдахгүй ч байж мэднэ.  Гэтэл энэ мөнгө далайд дусал болон  цугласаар хэзээ хэн нэгт эрүүл мэндэд асуудал гарсан үед хэн нэг нь “хандив” өгч буй мэт л бэлэн төлбөр байх боломжийг “Энэр” даатгал олгож байна.  Тэр тусмаа дараахь хүнд өвчнөөр өвчилсөн болон ерөнхий болон нугасны мэдээ алдуулалттай  мэс заслын эмчилгээ хийлгэх үед “Энэр” даатгалын үр шим жинхэнэ утгаараа хэрэг болох юм байна. Тухайлбал:

  • Хорт хавдар
  • Зүрхний титэм судасны by-bass хагалгаа
  • Зүрхний шигдээс
  • Бөөрний дутагдал
  • Тархины цус харвалт
  • Гол судасны хагалгаа
  • Хараагүй болох
  • Зүрхний хавхлага нөхөн сэргээх хагалгаа
  • Эрхтэн шилжүүлэн суулгах
  • Тархмал склероз
  • Саажилт
  • Хүнд хэлбэрийн түлэгдэлт

Даатгуулагч дээрх өвчнүүдээр өвчилсөн тохиолдолд даатгалын үнэлгээнээс хамааран дээд тал нь 10, 20, 50 сая хүртэл төгрөгийн нөхөн олговор авах боломжтой юм байна. Дээрх өвчнүүдээр өвчилсөн хүмүүс ихэвчлэн БНСУ, Энэтхэг зэрэг улс орнуудад эмчлүүлэх шаардлагатай болдог. Хэрэв  Монголд эмчлүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол “Энэр” даатгалд даатгуулагчид БНСУ, Энэтхэг, БНХАУ, Тайланд, Сингапур зэрэг орнуудад эмчлүүлэх боломжтой юм байна. Учир нь “Нэйшнл Лайф Даатгал” компанийнхан дээрх орны нэр хүндтэй эмнэлгүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ. Саяхан л гэхэд Сингапурын “Парквей” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр даатгуулагчид тус эмнэлэгт өөрөөсөө бэлэн мөнгө гаргалгүйгээр эмчилгээнд шууд хамрагдах   боломжийг бүрдүүлж чаджээ.

Монголын анхны амьдралын даатгалын компани болох “Нэйшнл Лайф Даатгал” нь 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа.  “Амьдралын даатгал”-аараа монголчуудад танил болсон энэ компани “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлснээр эмчилгээнд шаардагдах төлбөрөө бэлнээр төлж чадахгүй байгаа олон монгол хүнд эрүүл мэндийн даатгалын ашиг тусыг бодитоор мэдрэх боломжийг ийнхүү олгож байна.

Өнөөдөр сонин 2013.06.07

Д.Оюун-Эрдэнэ