Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, тархины цус харвалт, саажилт, хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг хүнд өвчнийг эмчлүүлэхэд даатгалаасаа 50 хүртлэх сая төгрөг авах боломжтой болжээ. Учир нь амьдралын даатгалаар мэргэшсэн “Нэйшнл Лайф Даатгал” компани эрүүл мэндийн “Энэр”  даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн даатгалын шинэ үйлчилгээг нэвтрүүлэх болсон шалтгаан юу байснаас яриагаа эхэлье.

-Манай компани амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр гэх мэт нийгэм рүүгээ чиглэсэн даатгалын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг. Судалгаагаар манай улсад жилд 3000 хүн хорт хавдраар, түүнээс хоёр дахин их тооны хүн цусны эргэлтийн өвчнөөр нас бардаг гэсэн дүн гарсан. Энэ нь өвчнөө эмчлүүлэх санхүүгийн эх үүсвэрийн дутагдалтай ямар нэгэн хэмжээгээр холбоотой байдаг юм байна. Бидний хувьд олон улсын эрүүл мэндийн даатгалыг анх 2009 онд нэвтрүүлсэн. Гэхдээ үнэ өртөгөөс шалтгаалж иргэдэд тэр бүр хүрч чадахгүй байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс иргэн бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд байгууллагад зориулсан “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг өнгөрсөн сарын нэгнээс нэвтрүүллээ.

-“Энэр“ эрүүл мэндийн даатгалын онцлог юу вэ?

-Эмчлэхэд хүнд 13 төрлийн өвчнөө эмчлүүлсэн тохиолдолд даатгалаас эмчилгээний зардлыг олгох юм. Тухайлбал, хорт хавдар, зүрхний титэм судасны by-pass мэс засал, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, тархины цус харвалт, гол судасны мэс засал, зүрхний хавхлагын нөхөн сэргээх мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, саажилт, хүнд хэлбэрийн түлэгдэлт болон тархмал склеоз, хараагүй бол өвчний үед манай компаниас даатгалын үнэлгээнээс хамаараад 10-50 сая төгрөг хүртлэх нөхөн олговор олгох юм. Ийм төрлийн даатгал манай улсын зах зээлд байгаагүй шүү дээ. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалаас хамгийн ихдээ 1.1 сая орчим төгрөгийн нөхөн төлбөрийг олгодог. Гэхдээ энэ мөнгийг бүтнээр нь 2011 онд маш цөөхөн тооны хүн энэ мөнгийг авсан судалгаа бий. Үүнээс гадна дотоодод эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг эрүүл мэндийн яамнаас гаргасан байдаг. Тэдгээр өвчнөөр өвчилсөн тохиолдолд гадаадад эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй. Эдгээр хэрэгцээ шаардлагыг харгалзаад “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ нэвтрүүлсэн.

-Энэ үйлчилгээг авахын тулд жилд хэдэн төгрөгийн хураамж төлөх шаардлагатай вэ?

-“Энэр” даатгалын үйлчилгээ маань байгууллагад зориулсан гэдэг утгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, ажил олгогч 18-60 насны ажиллагсдаа хүсвэл гэр бүлийнх нь хамтаар даатгуулах боломжтой. Даатгалын хураамжийн хувьд наснаасаа хамаараад өөр, өөр байдаг. Жишээлбэл, 18-29 насны ажилтнаа жилд 290 мянган төгрөгөөр даатгуулбал эмчилгээний нөхөн төлбөрт 20 хүртлэх сая төгрөгийг авах боломжтой гэсэн үг. Энэ бол тийм ч өндөр хураамж биш шүү дээ. Өөр нэг жишээ хэлэхэд, тамхи татдаг хүн өдөрт дунджаар 2500 төгрөгөөр авч татдаг. Сард 75 мянган төгрөгөөр тамхи татдаг гэсэн үг. Тэгсэн атлаа даатгалд хэр мөнгө зарцуулдаг билээ. Даатгал бол хүнийг урт наслуулах зорилготой шүү дээ Тэр утгаараа амьдралдаа багахан өөрчлөлт хийчихэд л эрсдлээс хамгаалж чадна гэсэн үг.

“Энэр” даатгалын хувьд л гэхэд дээр дурьдсан өвчнүүдийн мэс заслын эмчилгээ, үйлчилгээний нийгмийн эрүүл мэндийн даатгалын хамгаалалтаас давсан зардлыг олгодог. Мөн мэс заслын болон түүний дараах 30 хоногийн амбулаторийн болон эмийн эмчилгээ, ор хоногийн төлбөрийг олгодог зэрэг давуу талтай.

-Даатгуулагч гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол танай компанийн зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

-Бид дотоодын “Сонгдо”, “Гурван гал”, “Гранд мед” зэрэг томоохон эмнэлгүүдтэй хамтран ажилладаг. Ер нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа бүхий л эмнэлгүүд болон амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд манай даатгал үйлчилнэ. Даатгуулагч маань дээрх эмнэлгүүдэд эмчлүүлснийхээ нөхөн төлбөрийг манайхаас гаргуулна. Мөн урьдчилж манай компанид мэдэгдээд эмчилгээнийхээ зардлыг гаргуулах боломжтой.

Харин үйлчлүүлэгч өвчнөө дотоодод эмчлүүлэх боломжгүй нь тогтоогдсон бол Сингапур, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсуудаас эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой. “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбоотой манай компани Сингапурын “Парквэй” эрүүл мэндийн групптэй санамж бичиг байгуулсан. Ингэснээр манай үйлчлүүлэгчид тус эмнэлэгт өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр даатгалаараа эмчлүүлэх боломжтой болсон. Үүнээс гадна БНСУ-ын “Сан Медикал” эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. Өмнө дурьдсан хүнд өвчнүүдээр өвчилсөн тохиолдолд мэс заслыг гадаадад хийхээс өөр аргагүй. Ийм үед бид дээрх улсуудын эмнэлэгтэй холбоод өгнө. Дээрээс нь төлбөр тооцооных нь асуудлыг шийдэж өгнө гэсэн үг.

-Дотоодын эмнэлгүүд эмчлэх боломжтой ч үйлчлүүлэгч заавал гадаадад эмчлүүлнэ гэвэл яах вэ?

-Монголдоо эмчлүүлэх боломжтой өвчин бол тухайн иргэний гадаадад эмчлүүлэх зардлыг олгох боломжгүй л дээ.

-Шинэ үйлчилгээ нэвтрүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм байна. Байгууллагууд хэр хандаж байна вэ?

-Ажил олгогчдын хувьд энэ үйлчилгээ чадварлаг ажиллагсдаа тогтвортой ажиллуулах хөшүүрэг болж байна л даа. “Энэр” бол байгууллагынхаа эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн хэрэгсэл юм. Энэ утгаараа олон улсын байгууллагууд ихэвчлэн хандаж байна. Тэдний хувьд ажилтнуудаасаа гадна гэр бүлийнхнийг нь даатгуулчих сонирхолтой байдаг.

Даатгуулагч эмчилгээнийхээ нөхөн төлбөрийг авахаас гадна арваас дээш жил даатгалын хураамжаа төлсөн бол 60 наснаас хойш эм тарианы төлбөрт сар бүр 30 мянган төгрөгийг насан туршдаа авах эрхтэй болдог. Энэ боломж нь байгууллагуудын анхаарлыг их татаж байх шиг байна.

-Монголд ажиллаж байгаа гадаадын иргэд энэ даатгалд хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Даатгуулсан хүмүүс ч цөөнгүй байгаа.

-Танай компаниас иргэд ямар үйлчилгээг ихэвчлэн авч байна вэ?

-Манай компани 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 18 компаниас амьдралын даатгалын үйлчилгээ авах эрхтэй ганц компани л даа. Тэр утгаараа 2008 оноос хойш амь насны даатгалын үйлчилгээг түлхүү үзүүлж байгаа. 2009 оноос эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ эхлүүлсэн. Харин энэ жилээс “Энэр” эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ нэвтрүүллээ. Монгол хүний онцлогт нийцсэн, үнэ өртөг багатай гэдэг утгаараа иргэдэд нэлээд хэрэгтэй үйлчилгээ гэж үзэж байгаа.

http://news.gogo.mn/r/123920