Монголд амьдралын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүтэй ярилцлаа.

-Даатгалын салбар Монголд хэр хөгжөөд байна вэ?

-Монгол Улсад 1934 онд анх “Монгол даатгал” төрийн өмчит компани байгуулснаар энэ салбарын хөгжлийн суурь тавигдсан. Ирэх онд даатгалын салбарын 80 жилийн ой тохионо. Одоогоор манай улсад нийт 18 даатгалын компани үйл ажиллагаа явуулж буйгаас 17 нь ердийн даатгалынх. Харин манай компани бол амьдралын даатгалын компани юм. Монгол Улсын хуульд даатгалын бизнесийг урт хугацааны даатгалын, ердийн даатгалын компани гэж ангилсан байдаг. Амьдралын даатгалын компанийг урт хугацааных гэж хуульчилсан байгаа. Амьдралын даатгалыг үйлчлүүлэгчтэй урт буюу нэг жилээс дээш хугацаагаар байгуулдаг. Тухайлбал, тэтгэврийн даатгал нь амьдралын даатгалын нэг хэлбэр. Тэтгэврийн даатгалд 30 настай хүн хамрагдаж, 60 настайдаа тэтгэвэр авахаар гэрээ хийлээ гэхэд 30 жилийн хугацаа бий гэсэн үг. Тиймээс урт хугацааны даатгалын компани гэж нэрлэсэн болов уу. Ердийн даатгалын компани нь эд хөрөнгө, байшин барилга, тоног төхөөрөмж зэргийг даатгадаг. Харин амьдралын даатгалын компани нь хүний амь нас, эрүүл мэндийг даатгадаг. Хүний сайн сайхны төлөө үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно. Жишээлбэл, эрүүл мэндийн, тэтгэврийн даатгал гэж бий. Мөн сургалтын төлбөрийн хуримтлалын даатгал гэж байдаг. Хүний амьдралд ямар нэгэн зүйл тохиолдоход түүнийг даван туулахад санхүүгээр туслахыг даатгалын үйлчилгээ гэдэг. Тэтгэврийн даатгалын хувьд хүн 60 нас хүрээд ажилгүй, орлогогүй боллоо гэхэд цаашид “асуудалгүй” амьдрахад нь тусална. Хувиараа даатгуулагчид өвчин тусаад гадаад орон руу явж өндөр үнээр эмчилгээ хийлгэх шаардлагатай болбол бид төлбөрийг нь төлнө. Хувь хүнд ийм ач холбогдолтойгоос гадна мөнгөн урсгал талаас нь харвал даатгалын үйлчилгээ нь банкныхтай адил. Банк иргэдээс жилийн 15, 16 хувийн хүүтэй хадгаламж авч, тодорхой хугацаа буюу жилийн дараа ч юм уу, амласан хүүгээ нэмээд, буцаан өгдөг. Даатгалын үйлчилгээ нь зарчмын хувьд дээрхтэй адил. Өнгөц харахад аль аль нь хөрөнгийг татан төвлөрүүлж, эргээд иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм.

-Даатгалын зах зээл эдийн засагт ямар өгөөжтэйг тодруулна уу.

-Банкууд үйлчлүүлэгчдийн мөнгийг төвлөрүүлж, орон сууц авах гэж байгаа хүмүүст ч юм уу, хэрэгцээтэй хүн, аж ахуйн нэгжид жилийн 20, 21 хувийн хүүтэй олгодог. Тэгвэл үйлчлүүлэгч даатгалын компанийн тэтгэврийн даатгалд хамрагдсан гэж бодъё. Уг даатгалд 30-40 настай хэдэн мянган хүн хамрагдана. Тэднийг 60 нас хүрэхэд нь буюу 20-30 жилийн дараа хөрөнгийг нь буцаан өгнө гэсэн үг. Банкууд иргэдээс татсан мөнгөө нэг жилийн дараа өгнө. Харин даатгалын компани нь 20 гаруй жилийн дараа хөрөнгийг өгөх тул энэ хугацаанд төвлөрүүлсэн мөнгөөрөө хөрөнгө оруулж, зарцуулах боломж бүрдэнэ. Гаднын орнуудад ийм хугацаанд тохирсон хөрөнгө оруулдгийн жишээ нь моргейжийн зээл. Бас дэд бүтцэд хөрөнгө оруулж, Засгийн газрын бонд худалдан авах тохиолдол ч бий.

-Тэгэхээр даатгалын компани хөрөнгө оруулдаг байх нь, тийм үү?

-Тийм. Ялангуяа амьдралын даатгал нь урт хугацаатай байдаг учраас тэр. Харин ердийн даатгал нь ихэвчлэн нэг жилийн хугацаатай байдаг. Даатгалын компани нь 20 гаруй жилийн хугацаанд зарцуулах боломжтой олон хүний мөнгийг төвлөрүүлээд менежмент хийж байгаа болохоор хөрөнгө оруулалтын сангийн нэг хэлбэр болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хэлбэрийн хувьд үйлчлүүлэгчид ашиг оролцоотой, ашиг оролцоогүй байж болдог. Төвлөрсөн хөрөнгийг даатгалын компани 100 хувь менежмент хийх, эсвэл даатгуулагчийн оролцоотойгоор менежмент хийхийг хэлж байна л даа. Тэтгэврийн сан байгууллаа гэхэд ашгаас нь хүртэж болно. Даатгалын компаниуд арилжааны банкууд шиг хүү амладаггүй. Харин үйлчилгээ амладаг давуу талтай. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөс эрсдэл учирсан үйлчлүүлэгчдэд л санхүүгээр тусалдаг учраас бага өртгөөр хөрөнгө төвлөрүүлж чаддаг.

-Тэтгэврийн даатгалд хамрагдлаа гэхэд тэтгэвэрт гарсан хойноо бус, жил бүр ашиг хүртэх боломж бий юү?

-Дээрх боломж бий. Гэхдээ манайх одоогоор тийм бүтээгдэхүүн гаргаагүй байгаа. Энэ талаар судалж, тодорхой ажил хийж байгаа. Даатгалын хууль байгаа ч тухайн бүтээгдэхүүнд нь зориулсан тогтоомж гаргах шаардлага бий. Амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүд нь ашиг оролцоотой, ашиг оролцоогүй байдгийг дурдсан. Тэтгэврийн даатгалын сан ашигтай ажиллавал тухайн үйлчлүүлэгч маш өндөр тэтгэвэр авч болно, эсвэл гэрээгээ цуцлаад (тэтгэвэрт гарахаасаа өмнө) мөнгөө авах боломжтой. Даатгалын компанийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг Даатгалын хууль бүрдүүлж өгсөн гэхэд болно. Даатгалын компаниудын үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг.

-Монгол Улсад урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлдэг бизнесийн нэгж байдаг уу?

-Байхгүй. Засгийн газар таван жилийн хугацаанд цахилгаан станц бариад, төслийн санхүүжилтээ нөхөн төлөх хугацаа нь 15 жил гэж бодъё. Үүнд урт хугацааны буюу 20 жилийн хугацаатай олгох хөрөнгө хэрэгтэй. Тэгвэл энэхүү санхүүжилтийг банкны зээлээр олгож чадахгүй. Банкууд нэг жилийн хугацаатай, 21-22 хувийн хүүтэй моргейжийн зээл олгож байгаа. Банкуудын хөрөнгийн эх үүсвэрийн хугацаа нь зорилтот хөрөнгө оруулалтынхтайгаа нийцэхгүй. Учир нь танаас зээл авснаа надад 20 жилийн хугацаатай зээл болгож өгч байгаа. Нэг жилийн дараа та мөнгөө авах болоход өөр бас нэг хүнээс мөнгийг нь аваад танд өгнө. Нөгөө хүн жилийн дараа мөнгөө авах болоход дахин гуравдагч этгээдийн мөнгийг аваад түүнд өгнө. Ийм олон удаа “маневр” хийх шаардлагатай болдог тул үйл ажиллагааных нь зардал их. Энгийнээр бодоход мөнгөн гүйлгээнд нь дарамт учруулж эхэлнэ. Хэрвээ мөнгө олдохгүй бол өөр эх үүсвэрээр олно. Өртөг нь бас нэмэгдэж эхэлнэ гэсэн үг. Үүнийг зохицуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийнхээ хугацааг болж өгвөл дүйцүүлэхийг хичээдэг. Үүнтэй холбоотой жишээ гэвэл АНУ-ын 30 жилийн моргейжийн зээл байна. Судалгаагаар хүн моргейжийн зээл аваад дунджаар найман жилийн дараа бүрэн төлдөг юм байна. Төлөх ёстой хугацаанаасаа эрт төлдөг байх нь. Өөр банкнаас дахин санхүүжилт авч зээлийн хүүгээ ихэсгэдэг ч юм уу найман жилийн дотор төлбөрөө төлж дуусгадаг гэнэ. Засгийн газрынх нь 10 жилийн хугацаатай бондынх нь хүү дөрвөн хувь байхад моргейжийн зээлийн хүү нь зургаан хувь байлаа гэж бодъё. Уг бондын хүү өсөж таван хувь болоход моргейжийн хүү дагаад долоон хувь болчих нь байна. Бондынх нь хүү буурлаа гэхэд моргейжийн хүү нь 4.5 хувь болж байх жишээтэй. Үүнээс харвал АНУ-ын моргейжийн зээлийн хүү нь 10 жилийн хугацаатай бондод тулгуурладаг байна. Моргейжийн зээлийг найман жилийн дараа төлдөг учраас 10 жилийн хугацаатай өрийн бичигтэй уялддаг шиг байгаа юм. Энд хугацаанаас хамаарсан хүчин зүйл байна шүү дээ. Монгол Улсын хувьд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Цахилгаан станц барих гэдэг ч юм уу том төсөл хэрэгжүүлэхэд манайд дотоодын эх үүсвэрээс санхүүжилт босгох нь маш хомс учраас гаднаас бонд босгож байна. Амьдралын даатгал ч юм уу, урт хугацааны эх үүсвэр олдог бизнесийн тогтолцоог бүрдүүлэх дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага манайд бий.

Урт хугацааны буюу амьдралын даатгал гэхээр хүн нас барахад, тэтгэвэрт гарахад л мөнгө өгдөг юм уу, эдийн засгийн ач холбогдол нь юу юм бэ гэж асуудаг. Гаднын орнуудад амьдралын даатгал байхгүй бол моргейж байхгүй, лизингээр машин худалдаж авч чадахгүй гэдэг. Санхүүгийн маш том эх үүсвэрийг амьдралын даатгал бүрдүүлж өгдөг байна л даа.

-Танай компани урт хугацааны төсөл санхүүжүүлэх боломжтой юу?

-Манайх дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүний тулд хууль, эрх зүйн орчин хэрэгтэй.

-Тодруулбал?

-Даатгалын хууль нь ерөнхийдөө даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг. Уг хууль 2004 онд батлагдсан. 1934-2004 он гэхэд 70 жил өнгөрсөн байна шүү дээ. 70 жил болоход Даатгалын хуульд өөрчлөлт оруулахдаа ердийн даатгалын компанийн эд хөрөнгө даатгадаг тогтолцоонд тулгуурлаж баталсан. Түүнээс бус ажил олгогч нь ажиллагсдаа даатгадаг тогтолцоон дээр тулгуурлаагүй гэх мэт учир дутагдалтай зүйл олон байдаг. Тухайлбал, татварын тогтолцооны талаар дурдаж болно. Ажил олгогч ажилчнаа даатгуулбал хувь хүний албан татвар төлөх гээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй зүйлс бий. Нарийн зохицуулалтуудыг тусгаагүй учраас тодорхой болгох шаардлагатай олон зүйл байгаа. Бидний зүгээс амьдралын даатгал нь бие даасан хууль, дүрэм журам, заалтуудтай байх нь зөв гэсэн санал тавьдаг.

-Амьдралын даатгалын нэг хэлбэр нь хувийн эрүүл мэндийн даатгал гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ер нь эрүүл мэндийн салбарын хөгжил нь эрүүл мэндийн даатгалтай салшгүй холбоотой. Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гадаад, дотоодын байгууллагын ажилчдын эрүүл мэнддээ хандах хандлагад нь өөрчлөлт орж байгаа нь анзаарагдсан. Нийгмийн даатгалтай хүн өмнө нь хувийн эмнэлэгт үзүүлдэггүй, улсын эмнэлгийн дараалалд зогсохоос бас залхдаг байснаа хувийнхад хамрагдсанаар өөртөө илүү анхаарал тавьж эхэлж байна шүү дээ. Эмчид байнга үзүүлэх тусам хүнд өвчнөөс сэргийлж чаддаг учраас эмчилгээний зардлаа хэмнэх давуу талтай. Хэрэв тухайн хүн даатгалгүй байсан бол тэр хүнийг хувийн эмнэлэгт хэзээ ч үзэхгүй байсан. Тэгэхээр эмнэлгийн салбарыг дэмжиж байна. Ажил олгогч нь ажилчнаа даатгалтай болгон, нийгмийн асуудлыг нь ч шийдэж өгснөөр тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх давуу талтай.

-Хувийн эрүүл мэндийн даатгал нь хувь хүн, байгууллага, цаашилбал эмнэлгийн салбарт ч нөлөөтэй юм байна?

-Австралид эрүүл мэндийн даатгал, хувийн даатгалыг хослуулахыг эрмэлдзэг юм байна. Ер нь уг хоёр тогтолцоог хослуулж явдаг ХБНГУ зэрэг цөөнгүй улс бий. Австралид манайхтай адил нийгмийн эрүүл мэндийн даатгал бий бөгөөд тэдэнд бас л ижил асуудал тулгардаг гэнэ. Жишээлбэл, эрүүл мэндийн даатгалын картаар очоод үзүүлье гэхээр эмнэлгийн дараалал их. Иймээс тус улсад тодорхой хэмжээнээс дээгүүр орлоготой хүмүүсийг хувийн эрүүл мэндийн даатгал авахгүй бол татвар ногдуулдаг тогтолцоо байдаг аж. Орлогынх нь хэмжээ нэмэгдэх тусам татвар нь нэмэгддэг юм байна л даа. Харин нийгмийн эрүүл мэндийн даатгалтай хүмүүс хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдвал улсаас нь 20-30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Хувийн эрүүл мэндийн даатгалыг дэмжиж буй юм шиг боловч улсын эмнэлгүүдийнхээ ачааллыг багасгах гол зорилготой. Үр дүнд нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ сайжирсан юм билээ. Гэтэл манайд хүмүүс эмнэлгийн коридорт үйлчлүүлж байна. Хүн бүр нийгмийн даатгалтай, түүгээрээ үйлчлүүлэх хүсэлтэй.

-Даатгалын салбарт шийдэх тийм олон зүйл бий юү?

-Монгол Улсад амьдарч буй 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, хорих ял эдэлж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг сард 670 төгрөгөөр тооцож, жилд төлөх 8040 төгрөг төрөөс даадаг гэнэ. Судалгаагаар ажилтай хүний дундаж цалин 500-600 мянган төгрөг болсон гэж байгаа. Дундаж цалингийн хэмжээ 500 мянган төгрөг гэж бодоход, бид дөрвөн хувийг нь эрүүл мэндийн даатгалд төлдөг. Сард 20 мянга буюу жилд 240 мянган төгрөг гэсэн үг. Бид 240 мянган төгрөг төлөөд сан байгуулж байгаа юм. Гэтэл төр өөрөө дааж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг 8040 төгрөг төлөөд санд оруулж ирж байна. Нийгмийн эмзэг бүлэг болсон дээрх хүмүүсийг авч явах ёстой нь мэдээж. Гэхдээ бид төрийн үүрэгнээс хуваалцаад байгаа мэт. Монгол Улсад ажилтай, орлоготой нэг сая хүн байгаа гэвэл үлдсэн нь санд хамрагдаж байгаа биз дээ. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн мөнгө ихсэхгүй мөртлөө “гишүүд”-ийнх нь тоо олшроод, тэдгээр бүх хүн үйлчилгээ авах гэхээр нэг хүнд ногдох үйлчилгээ хүртээмжгүй болж байна гэсэн үг.

-Тэгэхээр цаашид яах хэрэгтэй вэ?

Өмнө ярьсан Австрали улсын жишгээр хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй байна. Үр дүнд нь эмнэлэгүүдийн ачаалал буурч, эмчилгээний чанар нэмэгдэнэ.

Ц.Болормаа

Өнөөдөр сонин 2013.09.23