Нийгмийн даатгалын сангийн талаар яриад удаж байгаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатартай уулзлаа. 

 

Иргэдийн нийгмийн даатгалын хөрөнгийн зүй бус зарцуулалтыг эсэргүүцсэн ажлын тань явц хэр байна вэ? 

 

Даатгал гэдэг хүн төрөлхтөний ололт амжилт, давуу нөхцөл байдал олгосон боломжийг өнөөдөр Монгол Улс дутуу ашиглаж байна. Даатгал гэдэг бол цаад утгаараа ард иргэд ядарсан зүдэрсэн нэгнийхээ зовлон зүдгүүрийг хуваалцъя л гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл, эрсдлийг хуваалцъя гэсэн санаа. Энэ утгаараа ард түмэн нэг зорилготой, нэг завинд суусан байгаа хэрэг. Даатгал гэдэг бол эрсдэлийг тооцдог маш өндөр тооцооллыг ухаан.

 

Энэ бүхнийг төр өөрөө аваад, ард иргэдийнхээ арыг даана гэж хэлээд арыг нь дааж чадахгүй л байна. Монголын нийгмийн даатгалын тогтолцоо өнөөдөр маш хүнд байдалд орчихсон байгаа. Өнөөдөр ард иргэдийн халаасанд байгаа мөнгийг арыг чинь дааж байгаа юм, эрсдэлийг чинь хуваалцаж байгаа юм гэж авчихаад дааж чадахгүй байна. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалыг яръя л даа. Эрүүл мэндийн дэвтэрээ авч очоод гуравдагч этгээд эмчид үзүүлдэг, 10 хоног эмчлүүлсэн болоод хөөгдөөд гардаг. Энэ нь төр засаг ард түмнийхээ арыг даагаагүй, эрсдлийг даагаагүй байгааг илэрхийлж байна.

 

Уг нь бол даатгуулагч, даатгагч гэсэн хоёр хүн байна. Тэгээд гуравдагч хүн эмчийг гуйж очиж, нөгөө нь “Би төлбөртэй үзлэг хийж байна, чи хойшоо бай, хүлээж бай…” гэж загнадаг байдлаар л явж байна. Ийм бүдүүлэг, байдлыг шинэ шатанд аваачих шаардлага тулгарчээ. Даатгалын маш олон үйлчилгээг төр хийж чадахгүй байгаа болохоор одоо төрөөс өөр хэн хийж чадах вэ, хэн гүйцэтгэж чадах вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй болжээ. Тэгээд энэ үүргийг даатгалын компаниудад хариуцуулж, тэднийг хөгжүүлэх бодлого барих хэрэгтэй болжээ. Энэ талаар НИТХ-д яригдаж байсан. Улаанбаатарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийг даатгалд хамруулах системийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг талаар эрэл хайгуул хийж байсныг санаж байна. Даатгалыг даатгал шиг болгох шинэлэг санаачлагыг төрөөс ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

 

Нийгмийн даатгалд төлсөн мөнгө асар их хуримтлал болсон талаар та ярьж байсан? 

 

Тийм ээ, тэр хуримтлал чинь 500 орчим тэрбум төгрөг болсон. Энэ хуримтлалыг Монгол Улс томоохон ашигтай хөрөнгө оруулалт болгож, хөдөлгөж болох юм. Өөрөөр хэлбэл, ямар ч гадаадын зээл тусламж, хөрөнгө мөнгө, гуйлга гуйх шаардлагагүй юм. Тийм л том боломжийг алдаж байна. Ийм том боломжийг хаагаад нийгмийн даатгалын сангийн хуримтлалаар ерөөсөө төсвийн цоорхойг нөхөж амьдарч байна. Энэ нь хуулиа зөрчиж, даатгуулагчдын мөнгийг төр засаг дээрэмдэж байгаа явдал юм.

 

Үүнийг таслан зогсоохын төлөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцэж байгаа. Тэмцэхийн тулд бас даатгалын компаниуд, даатгалын үйл ажиллагааг шинэ түвшинд, шинэ менежментээр зохион байгуулахыг хүсч байгаа, гарц олсон компани, мэргэжилтэнтэй хамтрах ёстой гэдгийг хөтөлбөр болгож байгаа.

 

Даатгалын мөнгө гэдэг бол өнөөдөр иргэн миний өөрийнх биш төр засаг ч юм уу, ер нь хэн нь мэдэгдэхгүй гуравдагч нэгэнд тушаах ёстой зүйл мэт сэтгэгдэл л үлдсэн байна? 

 

Үнэхээр тийм буруу жишиг тогтсон. Зүй нь бол өөрийнхөө мөнгөөр өөрийгөө даатгана гэдэг нь банкинд мөнгө тушааж байгаатай адил юм. Хугацаатай хадгаламж хийж байгаатай л адил юм. Би 30 жилийн дараа 55 нас хүрэхээрээ энэ мөнгөө идэх юм шүү гээд ирээдүйгээ, маргаашаа даатгаж байгаа л хэрэг юм шүү дээ. Хөдөөний хүмүүс бол яахав хэдэн малаа хараад, үүнийгээ л өсгөөд байвал маргааш намайг тэжээх юм гэж харж болох юм. Гэтэл суурин, хотод, нийслэлд амьдарч байгаа хүмүүс чинь маргааш иднэ гэж хураах малгүй, өнөөх даатгалдаа л найдах зам үлдэж байгаа юм.

 

 

Тэгэхээр өнөөдрийн улс төрийн сонголт бол даатгалын системийн хамгийн боловсронгуй, төгөлдөр хөтөлбөр, арга зам гаргаж ирж байгааг үнэлэх явдал байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, миний ирээдүйн, мөнгийг өсгөж үржүүлэх, зөв хөрөнгө оруулалт болгоход энэ нам, энэ Засгийн газар ямар хөтөлбөр гаргаж, бодлого барих нь вэ гэдгийг тунгаах, тэндээс сонголт хийх нь хамгийн чухал байна. Миний ирээдүйг хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг л харах хэрэгтэй цаг иржээ. Өнөөдөр Монголын даатгуулагчдын мөнгө Засгийн газрын төрийн санд өсөхгүйгээр барахгүй инфляцын өөрчлөлтөөс болж бүр үнэгүйдэж байхад Канадын тэтгэвэрийн сангийн мөнгө манай Оюу Толгой дээр хөрөнгө оруулалт болоод, хөрвөж эргээд, ашигтай болох гээд явж байна.

 

Тиймээс даатгалын асуудал л сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амин сүнс байх ёстой. Дараа нь ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрийг нь харах ёстой гэдгийг л би даатгуулагчдад хэлмээр байна. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцоо бол маш нүсэр байна. Уг нь бол даатгалын систем, үйл ажиллагаа бол ерөөсөө л өдөр тутмын банкны үйл ажиллагаа байхгүй юу. Гэхдээ үүгээрээ би нийгмийн даатгалын байгууллагыг буруутгаж байгаа юм биш. Ийм болхи, мулгуу системтэй байгаа энэ төр засгийн буруу.

 

Ер нь даатгалын үйл ажиллагаанд заавал төрийн оролцоо байх ёстой, төрийн симтемд хамрагдана гэхгүйгээр иргэн хүн өөрөө даатгалын компаниудад ирээдүйгээ хариуцуулахад болохгүй гэх газаргүй гэж та хэлж байна аа даа? 

 

Тийм ээ, хамгийн гол нь тэр компанийн хөтөлбөр, менежмент зөв байх ёстой. Тэгээд даатгалын сайн мэргэжилтнүүдийг боловсруулах, бэлтгэхэд бас төр засаг бодлого гаргах, дэмжих хэрэгтэй байгаа юм. Энэ нь миний дээр хэлсэнчлэн төр өнөөдөр даатгалын санг зөв хөрөнгө оруулалт болгож чадахгүй бол зайгаа тавьж өг. Ард түмнийхээ, суурин газрын иргэдийнхээ хувь заяаг хувийн компаниудад өгөх хэрэгтэй гэсэн үг.

 

Амьдралын даатгалын орчин өнөөдөр манайд ямар хэмжээнд байна вэ? 

 

Даатгалд хамрагдана гэдгийг маргаашаа муу ёрлож байгаадаа хийж байгаа үйлдэл мэтээр ойлгох эрүүл бус хандлага байх ёсгүй л юм. Монгол оронд дөнгөж эхэлж байгаа, маш том зах зээл, монгол оронд өөрт нь маш их хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө нийгмийн өмнө хариуцлага үүрдэг, хүмүүст тусалдаг болох уур амьсгалыг бүрдүүлдэг тогтолцоо. Нэг сая хүнтэй хот гэдэг бол аюул эндэглэл, замын түгжрээ гээд маш олон эрсдэл дагуулдаг. Аливаа бүтээн байгуулалт байнга эрсдэл дагуулдаг. Төрийн үүрэг бол ард иргэдээ амар байлгах.

 

Гэтэл өнөөдөр манай төр бол иргэдийнхээ аюулгүй байдлын эсрэг ажиллаж ашиг хийдэг урсгал руу орчихсон байлаа. Төр засаг үндсэн үүргээ хангах гарц нь амь даатгалын хэлбэрийг төр бодлогоороо тэтгэж, байгууллагуудад боломжийг нь олгож өгөх нь аюулгүй байдлыг баталгаажуулах бас нэг алхам юм. Энэ хэлбэрийн даатгалын компаниудын үйл ажиллагааг төр бодлогоор дамжих ёстой. Жишээ нь ногоо тарилаа, алт олборлох бүгд эрсдэл дагуулдаг. Ногоо нь хортой байна, алтыг гараар, жижиглэнгээр олборлож байна. Тэгэхээр амьдралын даатгал бол төр өөрөө дангаараа хариуцаж чаддаггүй. Гадаадын хөгжилтэй орнуудад бол Үйлдвэрчний эвлэл нь иргэдийн амьдралын даатгалыг хариуцдаг. Үүнийг төр бодлогоороо дэмжих цаг үе тулчихжээ.

 

Саяхан манайд Амьдралын даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэсэн энэ талаар таны бодол юу вэ? 

 

Манайд амьдралын даатгалын анхны компани үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм билээ. Энэ нь Монголын ард түмэнд цоо шинэ боломж нээгдэж байна гэсэн үг. Та урд нь эд хөрөнгөө даатгадаг байсан бол одоо амьдралаа, амь насаа даатгах болсон юм. Нийгмийн даатгалын салбарт хөндлөнгийн өрсөлдөөн гарч ирвэл нийгмийн даатгал өөрөө хөгжих үндэс нь болно. Ард түмэн сонголттой болно гэсэн үг. Амьдралын даатгал гэж бие биенийгээ өмгөөлж хамгаалж байгаа асар том тогтолцоо юм.