Монгол улсын санхүүгийн зах зээлийн салшгүй нэг хэсэг болсон арилжааны даатгалын салбарын үүсэл хөгжил тэртээ 1934 оноос эхэлж, эдүгээ түүхт 80 жилийн ойн босгон дээрээ ирж байна. БНМАУ-ын СНЗ-ийн 1934 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 33 тоот тогтоолоор даатгалын албыг “Улсыг аюулаас хамгаалах газар” нэртэйгээр Сангийн Яамны бүтцийн нэгж болгон байгуулсан нь Монгол улсад даатгалын тогтолцоо үүсч хөгжих үндэс суурийг тавьсан бөгөөд тус газар нь тухайн үед Монголд ажиллаж байсан Зөвлөлт Холбоот Улсын “Улсын даатгал”(Госстрах)-ын төлөөлөгчийн газраас шилжүүлсэн 174,8 мянган төгрөгийн хөрөнгө, 700 төгрөгийн эд хогшил болон улсаас олгосон 500,0 мянган төгрөгийн үндсэн хөрөнгөд суурилж дарга Дэндэв, орчуулагч, байцаагч, хэрэг хөтлөгч гэсэн 4 орон тоотойгоор ажлаа эхэлсэн байна. 

Тэр үед “Госстрах”гэдгийг “Улсын аюулгүйн газар” хэмээн орчуулснаас тагнуулын албаны нэртэй төстэй нэршигдэж байсан боловч үүсгэн байгуулагдсан шинэ алба нь үйлдвэр, албан газар, ард иргэдийн хөрөнгийг “галын болон бусад аюул эрсдэл”-ээс хамгаалж, тэдгээрт учирсан гарз, хохирлыг нөхөн төлж хохиролгүй болгох ажлыг эрхэлж байгаад яваандаа “аюулгүйн” даатгал гэгдэж, нийгмийн даатгалаас ялгагдах болсон байна. Тус албаны анхны үйлчлүүлэгч нь Бүжидийн халуун усны газар, Хэвлэх үйлдвэр, Аж үйлдвэрийн комбинат, Бөмбөгөр театр, Улсын цирк, Өндөр хоршоо, Улсын худалдааны газар зэрэг тухайн үедээ хамгийн томд орж байсан үйлдвэр, албан газрууд байв. 

Анхны жилийн эцэст нийт 78,3 сая төгрөгийн хөрөнгө даатгаж 224,5 мянган төгрөгийн хураамжийн орлого олж, улмаар өөрийгөө санхүүжүүлэхийн хамт улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх үүрэгтэй ажиллах болсон байна. Түүнээс хойш даатгалын алба нь даатгалын салбарын анхны даатгалын бүтээгдэхүүнүүдийг ард иргэд, байгууллагуудад хүргэж, заавал даатгалын анхны хэлбэрүүдийг бий болгосон бөгөөд 1960-аад оноос эхлэн “Монгол даатгал” нэртэйгээр гадаад давхар даатгалын зах зээл дээр идэвхитэй оролцож эхэлсэн нь олон улсад Монголын даатгалын салбарыг анхлан таниулсан түүхтэй. Монгол Улсын Их Хурал 1997 оны 12-р сарын 05-ны өдөр Даатгалын тухай Монгол улсын анхны хуулийг батлан гаргасан ба тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2004 оны 04-р сарын 30-ны өдөр баталж, үүнтэй холбоотойгоор Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай Монгол улсын хууль болон Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын тухай Монгол улсын хуулиудыг 2004-2005 онуудад батлан гаргаж, дагаж мөрдүүлснээр арилжааны даатгалын зах зээлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг нэмэгдүүлж шинэ түвшинд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. 

Эдүгээ, Монголын даатгалын зах зээл дээр Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа 17 даатгалын компани, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа явуулж байгаа 24 даатгалын зуучлагч компани, даатгалын хохирол үнэлэгч 17 компани, мэргэжлийн актуарч 15, даатгалын төлөөлөгчид 3400 тус тус идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд улмаар арилжааны даатгал нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжжээ. 

Дэлхийн хамтын нийгэмлэг болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол улсад даатгалын салбарыг хөгжүүлэхэд анхаарал тавьж, аливаа аюул, осол, гамшгийн үед төрд ирэх санхүүгийн ачааллыг буруулах, гамшиг, ослын үед ард иргэд, байгууллагуудад учирч болзошгүй санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөхөд даатгалын салбарыг өргөнөөр ашиглахыг дэмжиж, Дэлхийн банкнаас “Малын индексжүүлсэн даатгал”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газар хамтран бичил даатгалын төсөл, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк “Даатгалын зохицуулалтыг боловсронгуй болгох, чадавхижуулах төсөл” зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 

аатгалын хууль эрх зүйн орчин ч улам сайжирч 2011 оны 10 сарын 06- ны өдөр Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль, 2014 оны 06 сарын 13- ны өдөр Малын даатгалын тухай хуулийг тус тус шинээр баталж мөрдүүлснээр даатгалын зах зээлийн цар хүрээ, түүний улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр дээшилж байна.