“Практикал Даатгал” болон “Нэйшнл Лайф Даатгал” компаниуд орон сууцны урт хугацааны зээл авч байгаа иргэдэд зориулсан “Ипотекийн иж бүрэн даатгал”-ын шинэ бүтээгдэхүүнийг хамтран гаргалаа. Санхүүгийн Зохицуулах Хорооны 2012 оны 356 тоот тогтоолоор “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг шинэчлэн баталсан билээ. 

Уг тогтоолын дагуу урт хугацааны орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалыг урт хугацааны /амьдралын/ даатгалын компани, эд хөрөнгийн даатгалыг нь ердийн даатгалын компани эрхлэхээр заасан билээ. Иймд зээлдэгч зээл авахдаа даатгал хийлгэхийн тулд олон газар очиж цаг хугацаа алдалгүй нэг дороос авах боломжоор хангах үүднээс тус даатгалын компаниуд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

“Ипотекын иж бүрэн даатгал”-д хамрагдсанаар зээлдэгчийн эд хөрөнгөд учирсан аливаа хохирлыг “Практикал Даатгал” компани хариуцах бол амь нас эрсдэснээс үүсэх санхүүгийн хүндрэлийг амьдралын даатгалын “Нэйшнл Лайф Даатгал” компани хамгаалахаар болж байна. Ийнхүү амьдралын болон ердийн даатгалын компаниуд хамтран орон сууцны иж бүрэн даатгалыг нэвтрүүлснээр эд хөрөнгийг эзэнтэй нь анх удаа урт хугацаанд, найдвартай даатгаж буй шинэлэг үйлчилгээ болж байна.