“Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Монголхүүтэй “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалын талаар ярилцлага хийлээ.

-Юуны өмнө Монголд анх удаагаа хувийн тэтгэврийн даатгалыг бий болгож байгаа танай хамт олонд баяр хүргье.

Баярлалаа. Бид удаан хугацаанд судалгаа хийж дотоодын нөхцөлд тохирсон, даатгуулагчид шууд үр нөлөөгөө үзүүлэх тэтгэврийн даатгалыг бий болгохыг зорьж ажилласан. Үр дүнд нь “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгал маань энэ жил нээлтээ хийж байна. Бас нэг онцлох зүйл нь манай компани Монгол улсын хэмжээнд хамгийн олон 540 салбар нэгжтэй “Төрийн Банк”-тай энэ оны нэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал юм. Ингэснээр “Төрийн Банк”-ны салбар нэгжүүдээс “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг авах боломж нээгдэж, даатгалын маань хүрээ улам тэлж байгаад баяртай байна.

-“Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгал нь ямар онцлогтой вэ, ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

Энэхүү даатгалд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэд, ирээдүйд хангалттай хэмжээний тэтгэвэр авахыг хүсч байгаа хэн бүхэн хамрагдаж болно. Мөн “Тэнүүн Амьдрал” даатгалыг нийтэд зарласнаас хойш албан байгууллагууд ажилчиддаа авахаар ихээхэн сонирхож байна. Даатгалын маань нэг онцлог бол даатгуулагч хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрөө сонгодог бөгөөд тухайн хүний хураамж зөвхөн өөрийнх нь дансанд хуримтлагддагаараа онцлогтой. Энгийнээр хэлбэл “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг банкны хуримтлал, даатгалын хамгаалалт, тэтгэврийг нэгтгэсэн цогц бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

-Тэгэхээр тус тэтгэвэр дээр хүү өгөөж тооцогдож байгаа гэсэн үг үү?

Үүссэн тэтгэврийн хуримтлал Монгол Банкны бодлогын хүүнд тулгуурлаж өсөж байгаа. Хамгийн гол нь даатгалын нөхөн төлбөр хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгддөг, эрсдлийн хамгаалалт зэрэг нэмэгдэхээр даатгуулагчид очих бодит өгөөж хэд дахин нэмэгдэх боломжтой болдог. Эрсдлийн хамгаалалт гэдэг нь даатгуулагч гэнэтийн осолд орж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон бол цаашид төлөх хураамжийг манай компаниас хариуцахыг хэлж байгаа юм. Бидний үүрэг бол төлөвлөгдөөгүй эрсдлээс болж даатгуулагчид маань санхүүгийн зорилгодоо хүрэх боломжгүй болохоос урьдчилан сэргийлэх гэж ойлгож болно.

-Хэрэв даатгуулагч амь насаа алдвал хуримтлагдсан мөнгийг яах вэ?

Тэтгэвэр авч эхлэхээсээ өмнө нас барах тохиолдол олон байдаг. “Тэнүүн Амьдрал” даатгалын тухайд даатгуулагч өөрийн үүссэн хуримтлалаа нэг дор, эсвэл хүссэн хугацаандаа хувааж авч болдог. Хэрэв тухайн хүн гэнэтийн ослын улмаас амь насаа алдвал нэр дээр нь үүссэн хуримтлалыг хоёр дахин нэмэгдүүлж, ар гэрт нь олгодог. Мөн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэврийн хуримтлалаа бусдад өвлүүлэх боломжтой.

-Хэзээнээс эхэлж тэтгэврээ авч болох вэ, заавал 55 юм уу 60 хүртлээ хүлээх ёстой юу?

Энэхүү даатгалын гол давуу тал нь даатгуулагч тасралтгүй 5 жил хураамжаа төлсөн бол хүссэн үедээ тэтгэврээ авч эхлэх боломжтой. Хэрэв 5 жилээс өмнө мөнгөний хэрэгцээ гарвал үүссэн хуримтлалаа өгөөжийн хамт авч болно.

- Тэтгэвэр гэхээр хамгийн түрүүнд Улсын Нийгмийн Даатгал гэж ойлгогддог. Гэтэл хувийн хэвшлээс ингэж тэтгэврийн даатгалыг санал болгож байгаа нь сонирхолтой санагдлаа.

Амьдралын даатгалын үүрэг нь хувь хүний санхүү төлөвлөлтийг дэмжиж, ирээдүйг нь баталгаатай болгоход чиглэдэг. Монголчуудын хувьд залуу, ажилтай байхдаа тэтгэврийн талаар төдийлөн санаа зовдоггүй. Өндөр хөгжилтэй орны иргэд улсын тэтгэврээс гадна хувийн тэтгэврийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд үүнийг нь төрийн зүгээс татварын бодлогооор дэмждэг. Үр дүнд нь тогтмол ажиллаж байсан л бол тухайн хүн тэтгэврийн наснаасаа хойш санхүүгийн асуудалгүй, хэн нэгнээс хамааралгүй амьдрах боломжтой болдог байна. Өнөөдөр манай улс “Эв санааны нэгдлийн” зарчмын дагуу нийгмийн даатгалын сангийн даатгалын орлогыг бүрдүүлж байгаа бөгөөд нийт 200 гаруй мянган хүний тэтгэврийг төр хариуцаж байна. Саяхан Засгийн газрын тогтоолоор дундаж тэтгэврийн хэмжээг 26 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 283 мянган төгрөгт хүргэсэн. Бодит байдал дээр ахмадуудын маань дийлэнх хэсэг тэтгэврийн зээлэнд хамрагдсан, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдарч байна. Бид 2010 оноос хойш тэтгэврийн даатгалын үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд энэ жил тус даатгалаа өргөжүүлж “Тэнүүн Амьдрал” тэтгэврийн даатгалыг шинээр зах зээлд нэвтрүүлж байгаа нь энэ юм.

-Танайхаас өөр бусад даатгалын байгууллагууд ижил төрлийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг үзүүлж байгаа юу?

Одоогоор зөвхөн манай компани тэтгэврийн даатгалын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байна. Монгол улсад нийт 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж буйгаас 16 нь ердийн даатгалынх. Харин манай компани бол амьдралын даатгалын компани юм. Монгол Улсын хуульд даатгалын бизнесийг урт хугацааны даатгалын, ердийн даатгалын компани гэж ангилсан байдаг. Амьдралын даатгалыг үйлчлүүлэгчтэй урт буюу нэг жилээс дээш хугацаагаар байгуулдаг бөгөөд бүтээгдэхүүний төрлийн хувьд ч ялгаатай байдаг. Тэтгэврийн даатгал нь амьдралын даатгалын нэг хэлбэр. Тэтгэврийн даатгалд 30 настай хүн хамрагдаж, 60 настайдаа тэтгэвэр авахаар гэрээ хийлээ гэхэд 30 жилийн хугацаа бий гэсэн үг. Тиймээс урт хугацааны даатгалын компани гэж нэрлэсэн байдаг.

Тэтгэврийн даатгалын талаар сонирхолтой мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Сүүлийн асуултыг таньд үлдээе.

Тэтгэврийн даатгал бол залуу хүмүүсийн хувьд ирээдүйдээ хийж буй ухаалаг хөрөнгө оруулалт юм. Тиймээс өнөөдөр тэтгэвэртээ зориулж хуримтлуулж буй төгрөг бүр тань хэдэн жилийн дараах санхүүгийн зорилгодоо хүрэх гүүр болох учраас эрт эхлэх тусам илүү ашигтай гэдгийг хэлмээр байна.

Э.Жаргалан