Санхүүгийн салбар өндөр хөгжсөн орнууд, тэр дундаа АНУ-д банкнаас олгодог зээлийн хүүгийн түвшин 3%-7%ийн хооронд хэлбэлзэж байдаг. Үүний учир нь банкууд хөрөнгө оруулалтын банкуудаар /манайхаар андеррайтингийн компани/ дамжуулан, олгосон зээлийн авлагаа барьцаалж хөрөнгийн зах зээл дээр MBS буюу мортгейжийн зээлийн багц барьцаалсан урт хугацааны өрийн бичиг гаргадаг. Өөрөөр хэлбэл ирээдүйд орж ирэх зээлийн эргэн төлөлтөөрөө дэнчин тавьж хөрөнгө оруулалт татаж байна гэсэн үг юм. Эдгээр өрийн бичгийг хөрөнгийн зах зээл дээрээс томоохон даатгалын компаниуд болон хөрөнгө оруулалтын сангууд худалдан авдаг.

 

Дээрх байгууллагууд тэтгэврийн болон эрүүл мэндийн сангуудыг бий болгож өөрсдийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаална гэсэн амлалтыг өгсөн байдаг аж. Баталгаатай байдлыг хангах үүднээс хүлээсэн санхүүгийн хариуцлагатайгаа дүйцэхүйц хэмжээний нөөцийг татан төвлөрүүлсэн байдаг ба тэдэнд урт хугацааны тогтвортой орлоготой байх хэрэгцээ тулгардаг байна. Өөрөөр хэлбэл өндөр өгөөж гэхээсээ илүүтэйгээр найдвартай, хөрвөх чадвар сайтай мортгейж барьцаалсан өрийн бичиг, засгийн газрын өрийн бичиг, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хувийн компанийн хувьцаа зэрэгт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг. Арилжааны банкуудын санхүүгийн эх үүсвэрийн үлэмж хэсгийг урт хугацааны зээл эзэлдэг тул дээрх томоохон даатгалын сан, хөрөнгө оруулалтын сангууд өндөр ач холбогдол өгөн оролцдог.

 

Харин даатгалын сангуудын үйл ажиллагааг нарийн боловсруулсан хуулиар зохицуулдаг. Эдгээр сангууд нь тогтвортой хөрөнгийн эх үүсвэрийг иргэдээс татан төвлөрүүлж, түүгээрээ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцдог байна. Тиймээс даатгалын хураамжийг аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татвараас хасаж тооцдог. Энэ нь хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдэд татварын төлөвлөлт хийх боломжийг олгодохоос гадна урт угацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгох боломжийг нээж өгдөгөөрөө онцлог юм. Үүний зэрэгцээ эдгээр хуулинд тухайн этгээдийг татвараас зайлсхийх боломжуудыг хаах тодорхой заалтуудыг давхар оруулсан байдаг. Тухайлбал Азийн орнуудад гол төлөв хуримтлалын шинж чанартай даатгалын хураамж татвараас чөлөөлөгдөхийн тулд гэрээний хугацаа хамгийн багадаа 5 жил байх шаардлагатай байдаг.

 

Хэрэв гэрээний хугацаа 5 буюу түүнээс доош жилийн хугацаанд хуримтлалаа буцаан авахаар бол татвар ногдуулдаг байна. Монгол улсад энэхүү системийг нэвтрүүлсэн тохиолдолд нийгэмд тулгамдаад буй тэтгэвэр, эрүүл мэндийн асуудал болон урт хугацааны хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг шийдвэрлэх боломжтой. Тэтгэвэр, хуримтлал, амь насны даатгалын сангууд нь өргөн хүрээний судалгаа, актуарын шинжлэх ухаан дээр үндэслэгдэж, урт хугацааны турш хуримтлагддаг. Эдгээр сангууд нь учирч болох эрсдлүүдээс хамгаалсан байдаг тул банкны амладаг шиг өндөр хүүг амладаггүй. Тиймээс энэ төрлийн бизнесийг төрийн зүгээс хууль эрх зүй, бодлого зохицуулалтаар ханган ажиллаж хөрөнгийн зах зээлд шууд бусаар дэмжлэг үзүүлдэг байна. Монголд банкны систем илүү хөгжсөн, нөгөө талаар иргэд өөрийн гэсэн хуримтлалгүй, ирээдүйд авах тэтгэвэртээ үл итгэлдэг, санхүүжилтийн өртөг өндөр зэргээс болоод манай оронд хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа явагдахгүй байна. Даатгалын зах зээл, тэр дундаа урт хугацааны хуримтлалын үүсгэх даатгалын сан нь үнэт цаасны зах зээлтэй салшгүй холбоотой болохыг олон улсын туршлагаас харж болно.