Англи хэлнээ welfare state, герман хэлнээ Sozialstaat гэсэн нэршил байдаг. Үүнийг “халамжийн төр”, “ивээлт төр”, “халамжит төр” гэх мэтээр орчуулан хэрэглэх нь бий. Тэгвэл энэ нь чухам ямар утга агуулгатай ойлголт болохыг цухас авч үзье.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол энэ нь иргэдийнхээ сайн сайхан амьдрах эдийн засаг, нийгмийн баталгааг ижил тэгш боломжийн үндсэн дээр бүрдүүлэн ажиллаж буй төр юм.

Орчин үед Скандинавын хойгийн улс орнууд гэгддэг Исланд, Норвеги, Швед, Финланд, Дани зэрэг нь дээрх ойлголтод хамаарах бодлогыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж буй улсуудын сайн туршлага болж байна. Эдгээр улсууд төрийн сан хөмрөгийг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд болон хувь хүнд шууд чиглэсэн үйлчилгээнд зарцуулдаг. Энэ нь мэдээж татвар төлөгчдийн мөнгө л дөө. Иймэрхүү халамжийн бодлоготой улсуудыг өөрөөр “холимог эдийн засаг бүхий улсууд” ч гэж нэрлэх нь бий. Ардчилал, хүний эрхийн өлгий болсон АНУ-аасавахуулаад төвлөрсөн эдийн засгийн тод томруун жишээ болсонКубаулс ч ийм эдийн засагтай орнуудын тоонд багтдаг. Төр бодлогоороо баян, ядуугийн хоорондын зааг ялгааг багасгахын тулд ийм арга хэмжээ авдаг бөгөөд холимог эдийн засгийг бүрдүүлж буй гол хөрөнгө нь баян чинээлэг хэсгийнхний орлогын албан татвар байдаг.

Төрийн халамжийн бодлого нь ялгаатай хэрэгжиж буй улсуудын гурван загварыг Данийн социологичГостаЭспингАндерсен тодорхойлсон байдаг. Эхнийх ньсоциал-демократ бодлого бүхий улсууд, удаах ньхристиан-демократ бодлого бүхий улсууд болонлибералбодлого бүхий улсууд болно.Социал-демократ бодлого бүхий улсууд иргэний харьяалал дээр суурилсан халамж, үйлчилгээг үзүүлдэг. Жишээ нь Бруней, Катар, Кувейт, Арабын Эмират зэрэг улсууд зөвхөн иргэддээ чиглэсэн халамжийн бодлогыг хэрэгжүүлж, харин гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ үйлчилгээ хаалттай байдаг. Энэ бүлэгт мөн Скандинавын хойгийн орнууд ордог.

Тэгвэлхристийн-демократ улсууд нь төвлөрлийг сааруулах зарчим буюу нийгмийн даатгалын тогтолцоогоороо дамжуулан халамжийн бодлогоо хэрэгжүүлдэг. Энд Австри, Бельги, Франц, ХБНГУ зэрэг Европын хэд хэдэн улсыг нэрлэж болно. Австриар жишээ авахад төр нь чөлөөт нийгмийн тогтолцоог авч явахад хамгийн гол үүрэг бүхий ажил үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн нийгмийн хамгаалал дээр бодлогоо төвлөрүүлж, өвчлөл, осол гэмтэл, ажилгүйдэл, тэтгэвэр зэрэгт нь анхаарлаа хандуулдаг.

Харин либерал бодлого бүхий улсууд нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэхдээ халамжийг ядуурлыг бууруулах, иргэдийнхээ суурь хэрэгцээг хангахад чиглүүлдэг ажээ. Энэ ангилалд Австрали, Япон, АНУ, Канад зэрэгорнуудыгбагтааж болно.

Гэвч төрийн халамжийн бодлого нь хэрхэн хэрэгжиж байгаагаас хамаарч энэ нь ардчилсан, коммунист, дарангуйлагч, эсвэл фашист төрийн хэлбэрийг тодорхойлоход хүргэдэг.

Хуучин цагт буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад төрийн халамжийн бодлого хэт хийрхэлд автаж, төр хайр хишгээ тарааж буй мэтээр иргэдээ сэнхрүүлж, төрийг дээдлэн шүтэх үзэл газар авч байлаа. Ийм тогтолцоонд татвар төлөгчдийн мөнгө иргэдийн хүсээгүй зүйлд зарцуулагдаж, иргэд нь ирээдүйд илүү сайн сайхан ажил хөдөлмөр эрхлэх урам зориггүй болж, хувь хүний хөгжил зогсонги байдалд ордог.

Гэтэл зүй нь төр халамжийн бодлогоо хувь хүний эрхэмсэгоршихуйгдээдлэн хүндэтгэх явдалд л чиглүүлэх ёстой гэж орчин үеийн судлаачид үздэг. Хувь хүн өөрийн үнэ цэнэ, эрхэмсэг оршихуйгаа мэдрэх тэрхүү боломжийг төрийн халамжийн бодлого бүрдүүлэх ёстой бөгөөд эдгээрийн тод томруун жишээ бол Скандинавын орнууд дахь боловсролын тогтолцоо юм. Эдгээр улсуудад бага, дунд, дээд боловсрол үнэ төлбөргүй агаад, үүний дараа бие даан амьдрах, өөрөө өөртөө эзэн байх асуудлыг тухайн хувь хүнд бүрнээ даатган хариуцуулах ухамсрыг төлөвшүүлэхэд төрийн халамжийн бодлого нь чиглэдэг. Үүнийг мөн “нуугдмал халамжийн бодлого” гэж нэрлэх нь ч бий. Учир нь төр чөлөөт эдийн засгийн тогтолцоонд хуруугаа дүрэхгүйгээр, эдийн засагт дарамт учруулахгүй секторыг сонгож бодлогоо хэрэгжүүлж чадвал сайнаар үнэлэгдэнэ гэсэн үг. Үндсэндээ зөв газраа, зөв цагт, зөв хүндээ халамжийн бодлогыг чиглүүлж чаддаг улсууд welfare state ангилалд багтана гэсэн үг.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл, welfare state гэдгийг нийгмийн халамжийн тогтолцоог бүх нийтийн сайн сайхан байдлыг хангахад чиглүүлдэг улс гэж ойлгож болно. Монголын төр хавтгайрсан халамжийн оновчгүй бодлого хэрэгжүүлэхгүй байхад сайтар анхаарч, ирээдүй хойч үе, иргэнийхээ сайн сайхан амьдралыг бүрдүүлэхэд чиглэсэн зөв бодлогыг бий болгоход анхаарч ажиллах цаг болжээ.

Манай улсын Үндсэн хуульд төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах тухай заалт бий. Энэ заалт болон дээрх ойлголт хоёрыг зөв ойлгон хэрэглэж бодлогоо хэрэгжүүлжхэвшвээсхүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг хөгжүүлэх тухай Үндсэн хуулийн эрхэм зорилго биелэх учиртай юм.

Г.Агар-Эрдэнэ