Ажилтнууддаа зориулсан амь нас, эрүүл мэндийн даатгалыг сонгохдоо юуг анхаарах вэ?


Байгууллагын удирдлагууд ажилтнууддаа зориулсан даатгалыг сонгохдоо юун дээр анхаарал хандуулахаа мэдэхгүйгээсээ болоод дараа нь даатгалын үйлчилгээг авахдаа сэтгэл хангалуун бус үлдэх тохиолдол олон байдаг. Тэгвэл бид энэ удаад даатгалын компанийг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөөг бэлтгэлээ.

Даатгалын гэрээний нөхцөл

Даатгалын байгууллагыг сонгож байгаа мэргэжилтнүүд зөвхөн тухайн байгууллагаас ирсэн даатгалын санал дээр үндэслэн шийдвэр гаргах тохиолдол элбэг байдаг. Даатгалын санал болон гэрээний нөхцөлүүдийг давхар шалгах нь чухал. Даатгалын санал дээр зөвхөн гэрээний нөхцөлүүдийн хураангуй хувилбар байдаг тул даатгалын гэрээн дээрээс нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөл, хүлээлтийн хугацаа, үйлчилгээ авах хязгааруудыг харьцуулан сонголтоо хийх нь зүйтэй.

Даатгалын компанийн нөхөн төлбөр олголтын төвшин

Даатгалын компанийн ажилтнаас өнгөрсөн жилийнх нь нөхөн төлбөр олголтын төвшин хэд байсныг заавал асуугаарай. Нөхөн төлбөр олголтын төвшин гэдэг нь хэдэн төгрөгийн хураамж төвлөрүүлээд хэдэн төгрөгийг нөхөн төлбөрт өгч байгаа харьцаа юм. Энэхүү харьцаа өндөр байх тусмаа тухайн даатгалын компани нөхөн төлбөрийг олон хүнд, хүртээмжтэй өгч байгаа гэсэн үг юм. Тухайлбал, 2018 онд даатгалын компаниудын эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олголтын төвшин нь 30%-тай байжээ.

Даатгалын компанийн үйл ажиллагааны хэлбэрийг судлах

Даатгалын компанийг дотор нь амьдралын болон ердийн даатгал гэж хоёр хуваадаг. Амьдралын даатгал нь эрүүл мэнд, амь нас, хуримтлал, тэтгэвэр зэргээр мэргэшин ажилладаг бол ердийн даатгал нь эд хөрөнгийн даатгал, хариуцлагын даатгалд төвлөрдөг.

Даатгалын компанийн нөхөн төлбөрийн мэргэжилтнүүдийг судлах

Эрүүл мэнд болон амь насны даатгалын үйлчилгээний чанарт нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэж байгаа мэргэжилтнүүдийн ур чадвар чухал нөлөө үзүүлдэг. Тухайн мэргэжилтэн нь анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын гэрээнд заасан нөхцөлийн дагуу шийдвэрлэх суурь болдог байна. 

Та бүхэн амь нас, эрүүл мэндийн даатгалаа хэрхэн сонгох талаар зөвлөгөө авахыг хүсвэл Нэйншл Лайф Даатгалын компанийн 70113366 дугаарын утсанд холбогдоорой.