Амь нас, эрүүл мэндийн даатгалын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хийх аж ахуй нэгж, компаниудын анхааралд = /media/images/2386.original.jpg


      Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 18 мянга орчим тендер шалгаруулалт зарлагддаг. Үүнээс амь нас, эрүүл мэндийн даатгалын нээлттэй 20 гаруй тендер зарлагддаг байна.
 
Ажил олгогчид хүний нөөцтэй холбоотой олон асуудлуудыг даатгалд хамрагдах замаар оновчтой шийдвэрлэдэг аж. Тухайлбал, ажилтнуудаа тогтвор суурьшилтай, бүтээмжтэй ажиллуулах нь аль ч ажил олгогчийн хувьд бизнесээ тогтвортой, амжилттай байлгах үндсэн гол нөхцөл байдаг. Өнөөдөр Монголд ажил олгогчид ажилтандаа машин, орон байрны урьдчилгаа төлбөрийг өгөх, гадаад дотоодод аялуулах, бонус олгох, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдах мэтийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь хүртээмж муутай, өндөр өртөгтэй, хамгийн гол нь ажилтан ажил олгогч хоёрын сонирхлыг урт хугацаанд хослуулж чаддаггүй сул талтай. 

Ажил олгогчдын хувьд ажилчдынх нь амь нас, эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал анхаарал хандуулж, хамгаалах үнэт зүйл.

Байгууллагыг хүнээр төсөөлбөл ажилтан бол тухайн байгууллагын нэг эд эс. Эд эс бүр эрүүл байж тухайн байгууллага эрүүл байна. Байгууллага эрүүл байснаар урдаа тавьсан зорилгодоо хүрч чадна. Ийм ч учраас ажил олгогчид ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах даатгалын үйлчилгээг сонгон шалгаруулахад ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгөх нь зүйтэй юм.
 
 
   1.     Тендер зарлахдаа даатгалын хэрэгцээгээ зөв тодорхойлох 
Энэ бол хамгийн чухал алхам. Яагаад даатгалын үйлчилгээ ажилчдад маань хэрэгтэй байна вэ, үүнийг авснаар ажилчдад маань ямар үр ашигтай байх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрэгцээгээ буруу тодорхойлох л юм бол бид хүссэн даатгалын үйлчилгээгээ авч чадахгүй, түүний үр өгөөжийг хүртэж буй ажилчид сэтгэл ханамжгүй байна. 
 
   2.     Тендерт оролцогчдод тавигдах шаардлага нь даатгалын хэрэгцээтэй уялдах
Ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний хэрэгцээ гэж үзвэл тухайн хэрэгцээг хангахуйц нөхцөлтэй даатгалын үйлчилгээг сонгох нь тодорхой шүү дээ. Гэтэл тендерийн материалын сонгох шалгуур үзүүлэлтэд хамгийн бага үнэ бүхий материалыг сонгон шалгаруулна гээд заасан байлаа гэж үзье. Үүний дагуу хамгийн бага үнэтэй амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тухайн байгууллага сонгон авчээ. Гэтэл даатгалын үйлчилгээ муу, нөхөн төлбөр авахгүй байх нөхцөлүүд ихтэй тохиолдол үүсэхэд үүний цаана ажилчид л хохирч үлдэнэ. Үүнээс гадна тендерийн материалд тавигдах шаардлагуудаа ач холбогдолтой байлгах хэрэгтэй. 
 
   3.     Тухайн зорилгыг хангах материалуудыг сонгох шалгаруулах
Хамгийн чухал шалгуур бол тухайн даатгалын үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Бүх даатгалын үйлчилгээнүүдийг харьцуулан судлах, аль даатгалын үйлчилгээ нь бусдаас давуу талтай, нөхөн төлбөр өгөхгүй байх нөхцөл бага байгааг тодруулах. Тухайлбал, Ажилтан Ж хорт хавдрын улмаас амь насаа алдлаа гэж бодъё. Өвчний улмаас нас барсан учраас ердийн даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохгүй. Харин амьдралын даатгалын компани нөхөн төлбөр олгоно.
 
   4.    Тендерийн материал сонгон шалгаруулж байгаа ажилтнууд даатгалын тухай мэдлэгтэй байх

Даатгалын тухай огт мэдлэггүй мэргэжилтэн тендерийг сонгон шалгаруулах нь өрөөсгөл явдал юм. Даатгалын тухай мэдлэгтэй, сонгон шалгаруулалт хийхдээ юуг чухалчилж авч үзэхийг тодорхойлох чадвартай мэргэжилтэн байх хэрэгтэй. Тиймээс ажил олгогчид энэ тал дээр анхаарч даатгалын мэргэжилтэнг бэлтгэх нь чухал юм.

Иймээс ажил олгогчид маань амь нас, эрүүл мэндийн даатгалын тендер сонгон шалгаруулахдаа даатгалын үйлчилгээгээ сайн судалж зөв сонголт, оновчтой хувилбарыг сонгох нь ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй бизнесээ амжилттай байлгах боломжтой болох юм. 
 
Та бүхэн амь насны даатгалын үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/aminas/aminas линкээр зочлоорой.