Л.Оюун: Гэр бүлийн санхүүгээ урт хугацаанд төлөвлөж хар


Өнөөдөр Дэлхийн хуримтлалын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол улс 2012 оноос анх тэмдэглэж ирсэн бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролын төвшинг дээшлүүлэх, хуримтлалын ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор та бүхэндээ МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюунтай хийсэн ярилцлагаа хүргэж байна. 
Хуримтлал гэдгийг би цаашаа хийж хураасан мөнгө гэж ойлгож байгаа. Гэтэл манай улсын нийт хүн амын хэдэн хувь нь мөнгөө хадгалж чаддаг юм бол? Чаддаггүй нь яагаад гэсэн судалгаа бий болов уу?
Манай  улсын өрхийн 28% нь хадгаламжтай гэсэн судалгаа байдаг. Үлдсэн хэсэг нь хадгаламжгүй гэсэн үг. Хадгаламж, хуримтлалгүй хүмүүс орлого нь зардлаасаа бага байгаагаар тайлбарладаг. Үндэсний Статистикийн газраас хийдэг өрхийн нийгэм эдийн засгийн судалгаагаар өрхийн дундаж орлого 960,000 төгрөг, харин зардал нь 1,060,000 төгрөг гэж гарсан байдаг. Гэхдээ энэ тийм биш. Орлогоос давсан зардал гэж байхгүй. Зардал гаргаж байгаа л бол төлбөр төлж байгаа л бол ямар нэг орлогоор төлсөн л байдаг. Төлбөрийг нь төлөхгүй зардал гарна гэж байхгүй биз дээ. Энэ нөгөө унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчтэй адил тайлбар гэж би боддог.   
Цалингаас цалингийн хооронд амьдардаг гэж бид ярьдаг. Энэ тохиолдолд хуримтлал, хадгаламж үүсгэх боломж бий юу?
Бий. Орлого олж байгаа л бол хадгалах хуримтлуулах боломж байдаг. Олсон орлогынхоо тодорхой хувийг хадгалаад явахад л болдог.

Хэрэглээнд нөлөөлөхгүйгээр орлогынхоо 5-10%-ийг хадгаламждаа тогтмол хийгээд явах ёстой юм.

Жишээ нь 600000 төгрөгийн орлоготой гэхэд сард 30,000 төгрөг хадгална гэсэн үг. Энэ 30,000 төгрөг хэрэглээнд ноцтой нөлөөгүй бөгөөд зардлыг бүртгээд үзвэл хэмнэж болох зүйлд зарцуулсан байдаг нь харагддаг. 
Манай нийт хүн амын мөнгө, санхүүдээ ханддаг хандлагыг та юу гэж харж дүгнэдэг вэ? Жишээ нь таны гэр бүлийн болон хувь хүнийхээ хувьд баримталдаг санхүүгийн зарчим надад сонин байна?
Манайхан нийтдээ мөнгө санхүүдээ хайхрамжгүй ханддаг. Үүний илрэл нь санхүүгийн төлөвлөгөөгүй байдгаар нь илэрдэг. Дээрээс нь мөнгө, санхүүгээ удирдах мэдлэг манайханд сул байдаг. Энэ талын мэдлэг дутмаг байгаа нь нэлээд олон шалтгаантай. Жишээ нь манай оронд мөнгө удирдах талаар албан ёсоор заадаг хичээлийн хөтөлбөр байгаагүй. Хэн ч энэ талаар заалгаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ийм төрлийн хичээл үзэж байгаагүй. Гаднын оронд хүүхэд наснаас нь нас насны онцлогт нь тохирсон хөдөлбөрөөр санхүүгийн боловсрол олгож байдаг.  
Миний болон манайхны санхүүгээ удирдахад баримталдаг зарчим гэвэл юуны өмнө хэмнэх. Хэмнэх гэхээр хэрэглээгүй гэсэн үг биш. Хэрэгтэй зүйлээ хямдхан олох аргуудыг ашигладаг.  Хямдралын үеийг хүлээх гэх мэт. Санхүүгийн мэдлэггүй хүн илүү төлдөг гэж ярьдаг даа. Манайх 1983 оноос эхлэн өрхийн төсвөө хөтөлж ирсэн. Орлого, зардлаа бүртгэх нь их зүйлийг хэлж өгдөг. Хүн тоо харж байж ухаардаг, дүгнэлт хийдэг гэж би боддог. Хүмүүст зөвлөхөд   өөрийн болон өрхийнхөө орлого, зарлагыг бүртгээд үзээрэй , их чухал шүү.  
Санхүүгийн сахилга тухайн хувь хүний амжилтад хэрхэн нөлөөлж болох вэ? 
Санхүүгийн сахилга бат гэдэг нь санхүүгийн зорилго, төлөвлөгөөг хатуу, ягштал хэрэгжүүлэхийг хэлдэг. Хүмүүст санхүүгийн зорилго нь тодорхой биш, дээрээс нь санхүүгийн төлөвлөгөө байхгүй учир санхүүгийн сахилга бат “муу” байхаас өөр аргагүй. Санхүүгийн сахилга баттай хүний нэг шинж чанар нь тэд төлөвлөөгүй худалдан авалт хийдэггүй гээд бодоод үздээ. Таалагдсанаа, өөртөө хэрэгтэй гэж үзсэнээ л худалдан авч байдаг хүн бол  санхүүгийн сахилга батгүй байна гэсэн үг. 
Гэр бүлийн тогтвортой байдалд санхүүгийн үзүүлдэг нөлөө маш өндөр хувьтай байдаг юм  билээ. Санхүүгээс болж гэр бүлийн тогтвортой байдлаа алдахгүйн тулд хэрхэх ёстой юм бол?
Төлөвлөх ёстой. Төлөвлөгөө нь богино, дунд, урт хугацааны гэж ангилагдах хэрэгтэй. Ойрын үед юу хэрэгтэй байна, 3 жилийн дотор юу хэрэгтэй байна. Тэтгэвэрт гарах үед хэдэн төгрөгийн хадгаламжтай байх вэ гэдгээ төлөвлөсөн байх ёстой. Санхүүгийн зорилго нь амьдралын зорилго дээрээс тодорхойлогдоно. Амьдралын ойрын зорилт нь санхүүгийн ойрын зорилт, амьдралын дунд хугацааны зорилго нь дунд хугацааны санхүүгийн зорилгыг, амьдралын урт хугацааны зорилго нь санхүүгийн урт хугацааны зорилгыг тодорхойлно гэсэн үг.   Санхүүгийн зорилго гэдэг бол амьдралын зорилгоо хэрэгжүүлэх мөнгөний хэмжээ гэж ойлгож болно.  
Байр машины лизинггүй айл ховор болж. Энэ байдалд та дүгнэлт хийвэл сайн гэх үү муу гэх үү? Энэ нь тухайн өрхийн зорилго биелж байгаа ч юм шиг. Зарим санхүүгийн зөвлөхүүд байрнаас өөр юуг ч битгий зээлээр ав гэдэг юм билээ. 
Энэ бол зөв буюу байх л, байдаг л зүйл. Мөнгөтэй болсон хойноо байртай болно, машинтай болно гэвэл сайн яривал насны эцэст л хэрэгжих байх.  Хэрэгжихгүй ч байх магадлал өндөр. Тиймээс  хорин жилийн дараа байр машины үнэ өнөөдрийнхөөс өндөр болно. Өөрийн орлогоосоо хурааж байгаад эдгээрийг авах гэвэл илүү ихийг л төлнө. Энэ чинь эдийн засгийн хууль. Амьдралын тав тухтай орчинтой байх хэрэгтэй. Байр машин зээлээр авсан үед хүмүүс ихийг бүтээж, их орлоготой болох боломжтой болдог. Тэгээд ч байр, машины зээл авсан хүмүүс хадгаламж, хуримтлал хийх зорилготой болдог.    
Гэр бүлийн санхүү хамгийн тогтвортой байх нөхцөлүүдийг эдийн засаг, санхүүгийн ухаанд нь хэрхэн тодорхойлж өгсөн байдаг юм бол? 
Мөнгөний  гэнэтийн хэрэгцээ гарах үед аваад хэрэглэх мөнгөтэй байж байж тогтвортой амьдрах боломжтой болно. 
Гэр бүлийн санхүүг ихэнхдээ бүсгүйчүүд удирддаг байх. Гэтэл бүсгүй хүний гүйцэлдүүлэх,  шаардлагатай зүйлс ар араасаа хөвөрдөг. Гэнэтийн зүйлс ч гардаг. Тэгээд ч бүсгүй хүн сэтгэл хөдлөл өндөртэй. Би юу асуух гэсэн бэ гэвэл гэр бүлийн санхүүг хэн удирдаж, захиран зарцуулах нь зөв бол?
Хэн ч болно. Гэхдээ миний энэ талаар өгдөг нэг зөвлөгөө бол гэрийн доторх хамгийн үрэлгэн хүн нь санхүүгээ барих нь зөв байдаг. Өрхийн төсөвтэй, тэнд олох орлого, гарах зардлаа төлөвлөчихсөн байх ёстой. Тэгээд төлөвлөгөөний дагуу нэг нь удирдах хэрэгтэй байдаг. Бас өрхийн санхүүгээ гишүүд ээлжлэн удирдах хэрэгтэй. Тэгж байж зовлон, жаргалаа мэдэрнэ. 
Гэр бүлийн санхүүг хэр урт хугацаанд төлөвлөх ёстой байдаг бол? Сараар, хагас сараар гэх мэтчилэн?
Их урт хугацаагаар төлөвлөх нь амжилтад хүргэдэг. Тэтгэвэрт гарах үе, түүнээс цааших үеийн төлөвлөгөө хийх хэрэгтэй. Нас барсны дараах үеийн төлөвлөгөө ч багтана. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүс бид үр хүүхдийнхээ ирээдүй, тэдэнд үлдээж өгөх өв хөрөнгийн талаар ч төлөвлөх хэрэгтэй байдаг.    
Бид санхүүгээ төлөвлөхдөө магадгүй зөвхөн мөнгө олох тухайгаа бодоод эрсдэлийг тооцдоггүй байж магадгүй санагдаж байна. Амьдралын зорилго, санхүүгийн тогтвортой байдалдаа ямар ямар эрсдэлүүдийг тусгаж бодох ёстой байдаг вэ?
Санхүүгийн шийдвэр гаргахад 2 төрлийн л шийдвэр гаргадаг. Эхнийх нь орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хоёрдох нь зардлаа яаж оновчлох вэ? Санхүүгийн төлөвлөгөөтэй, өрхийн төсвөө удирддаг бол гэнэтийн мөнгөний хэрэгцээг хүндрэл багатайгаар даван гардаг.  Эрсдэл хаа сайгүй байдаг. Иймээс онолоороо эрсдэлээс зайлсхийж болно, бууруулж болно, дамжуулж болно. Мөн хүлээн зөвшөөрч болно. Өвдөх, ажлаас халагдах гэх мэтээр орлого багасах, эсвэл тасалдах тохиолдол болгон эрсдэл.  
Танд өөр энэ талаар нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу. 
Юуны өмнө хэмнэх зардлаа мэдэх, олж илрүүлэх хэрэгтэй. Хүнд уг нь хэрэглээ тийм ч их өндөр байдаггүй. Өдөр болгон хүнс авна уу гэхээс өдөр бүр гутал, хувцас, орон байр худалдан аваад байдаггүй. Чанартай, брендийн хувцас тоотой байхад л хувцасны хэрэгцээ хангагдана. Нэг удаа байр авчихсан байхад дахин дахин аваад байх шаардлагагүй. Хэмнэсэн мөнгөө хадгалах нь чухал. Нэг зардлаа хэмнээд нөгөө хэрэгцээнд зарцуулаад байвал ямар утга байх вэ дээ. Ер нь “бүсээ чангалж” байж санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Дандаа бүсээ чангалахгүй шүү дээ. 5 жил дор хаяж замбараатай хэрэглэвэл үр гарна.   
Үүнээс гадна бид бүхэн хуримтлал гэхээр дан ганц банкны хадгаламжаар төсөөлдөг. Гэтэл өнөөдөр бидэнд өөр боломжууд нэмэгдсээр л байна. Тухайлбал, хуримтлалын даатгал байна. Үүний гол ялгаа нь амь насны даатгалын хамгаалалттайгаар хуримтлал үүсгэх боломжтой. Бид бизнест хөрөнгө оруулах, аялах, орон сууц худалдан авах гэх мэт аливаа зорилгоор хуримтлал үүсгэх явцад амь насанд эрсдэл учирвал тухайн зорилгодоо хүрч чадахгүй байх эсхүл төлөвлөсөн хугацаанаасаа хожуу хүрэх тохиолдол үүсэж болзошгүй. 
Хуримтлалын даатгал нь хуримтлал үүсгэх явцад таны амь насанд эрсдэл тохиолдвол та хэдэн төгрөг хуримтлуулах гэж зорьсон 100 сая, 50 сая, 30 сая ₮ байсан тэр мөнгийг бүхлээр нь олгож, таны гэр бүлийг зорилгодоо хүрэхэд тань тусална. Гэтэл та банканд хуримтлал үүсгээд явж байтал таны амь насанд эрсдэл тохиолдвол банк таны хуримтлуулсан л мөнгийг, өгөөжийн хамт тооцоод өгнө. 
Та хуримтлалын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011 3366 утсаар лавлах болон дараах линкээр https://nlic.mn/khurimtlal зочлоорой.