Монголд зонхилон тохиолдож буй хорт хавдрууд


               Манай улсад тодорхой хэдхэн хавдар л голчлон тохиолддог. Элэг, ходоод, уушиг, умайн хүзүү гэх мэт. Энэ бүхэн бидний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Тиймээс бид учир шалтгааныг өөрсдөөсөө л хайх хэрэгтэй. Өдөр тутам ямар хоол хүнс хэрэглэж байна, хүнсний аюулгүй байдал маань ямар түвшинд байгаа вэ, мөн амьдралын дадал зуршлаа эргэж харах шаардлага тулгараад байна.

ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР 

Гурван сая хүнтэй манай улсын хүн амын нийт үхлийн шалтгааны 15 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна. Энэхүү баримт Их Британийн Guardian сэтгүүлд 2018 оны сүүлчээр хэвлэгдсэн мэдээлэл. Өөрөөр хэлбэл манай улсын хүн амын дундах элэгний хорт хавдрын гаралт дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Манай улсад жилд шинээр оношлогдож буй нийт хорт хавдрын 40 хувийг дангаараа элэгний хорт хавдар эзэлдэг нөхцөл байдал сүүлийн таван жил үргэлжилж байна. Шалтгаан нь В,С вирус, таргалалт, архины хэрэглээ болон элэгний хатуурал, өөхлөлт зэрэг архаг өвчин гэж тодорхойлогдоод байна. Элэгний хорт хавдрын шинж тэмдгүүд нь ихэвчлэн хавдар томорч эсвэл хүндэрсэн үед л илэрдэг.  Үүнд ядрах, сульдах, хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх, хэвлийгээр өвдөх эсвэл хэвлий цардайх хоолны дуршил буурах, дотор муухайрах, турах, арьс болон нүд шарлах, өтгөн цайрч цагаан болох, халуурах гэх мэт шинж тэмдэгүүд илэрдэг байна.

Элэгний хорт хавдрыг оношлоход олон тооны шинжилгээ хийдэг. Тухайлбал:

  • Цусны шинжилгээ
  • Хэт авиан шинжилгээ
  • Компьютер томограф (CT scan)
  • Соронзон резонанст томограф (MRI scan)
  • Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET-CT scan)
  • Эдийн шинжилгээ

Элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь өвчнөө оношлуулж буй нийт иргэдийн 80 орчим хувь нь хожуу шатандаа илрүүлж байна. Уг нь эрт илрүүлбэл 15 минутад эмчлээд маргааш нь та ажлаа хийх боломжтой. Гэвч өвчнөө хүндрүүлсний дараа эмнэлэгт ханддаг нь эмчилгээний зардал өндөр, эмчлэгдэх магадлал бага зэрэг хүндрэлүүдийг дагуулж байдаг.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР 

Ходоодны хорт хавдар нь ихэвчлэн ходоодны дотор давхаргаас үүсдэг. Хорт хавдрын шинэ тохиолдлын 50.2% эрэгтэй, 49.8% эмэгтэй эзэлж байна. Ходоодны хорт хавдар зонхилох арван байрлалтын хорт хавдрын 2 дугаарт буюу 14.6 хувь байна. Ходоодны хорт хавдар туссан үед хэвлийгээр өвдөх, халуу оргих, цээж гашуу оргих эсвэл хоолны шингэц муудах зэрэг орно. Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч дараах хүчин зүйлс нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.  Үүнд тамхи татах, хелико бактерийн халдвартай байх, утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, шинэ ногоо болон жимс бага хэрэглэх, удамшил /Ходоодны хорт хавдраар удмын хүмүүсээс өвдөж байсан/, удамшлын генийн өөрчлөлтүүд буюу бүдүүн гэдэсний булчирхайлаг ургацагтай болон ургацаггүй хорт хавдар зэрэг удамшлын өвчнүүд хамаарна. Ходоодны хорт хавдрыг оношлоход хамгийн өргөн хийдэг шинжилгээ бол уян дуран буюу ходоод дурандах (эдийн шинжилгээ авах боломжтой) юм. Цөөн тохиолдолд хэрэглэдэг шинжилгээнд тодосгогч бодис уулган ходоод гэдэсний дээд хэсгийг рентгенээр харах эсвэл уян дурант хэт авиан шинжилгээ зэрэг хамаардаг. Ходоодны хорт хавдрын үндсэн эмчилгээ бол ходоодыг бүтэн эсвэл хэсэгчлэн тайрах (ходоодыг бүхлээр нь авах эсвэл ходоодны хэсгийг авах) мэс засал юм. Ихэвчлэн мэс заслын өмнө эсвэл дараа хими эмчилгээг хийж болдог. Хавдар эрт үедээ оношлогдвол тархахаас нь өмнө хавдрыг авч эмчилж болох бөгөөд эмчилгээ маш сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ эрт үедээ шинж тэмдэг илрэхгүй байх эсвэл бүдэг байдаг учраас ходоодны хавдар хүндрэх хүртлээ оношлогддоггүй байна. Ходоодны хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 27,7% нь таваас дээш жил амьдардаг.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР  

Умайн хүзүүний хавдрын тухайд дээр үед савны хавдар гэж ярьдаг байсан. Энэ төрлийн хавдраар манай улс бүс нутагтаа өндөр үзүүлэлттэй гарч бүр дэлхийд тэргүүлэх хандлагыг ч эмч судлаачид анхааруулж байна. Манай улсын хувьд үндсэн таван хавдрын дөрөвт умайн хүзүүний хавдар явж байсан бол энэ жил гуравт орж ирсэн. Уг хавдар хавдар үүсэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл бий. Энэ нь умайн хүзүүний хавдрын тухайд үндсэн үүсгэгч нь папиллома вирус гэдгийг 1996 онд судлаад тодорхой болгочихсон. Энэ төрлийн хавдрын нийт тохиолдлын 96 хувь нь папилома вирусээс болж байгаа. Папиллома вирус бол хүний ханиад томуу үүсгэдэг вирус адил хамгийн түгээмэл вирусын нэг. Эрэгтэй, эмэгтэй хэнд ч халдаж болдог. Ялангуяа залуу эмэгтэйчүүдээс шинжилгээ аваад үзэхэд бараг ихэнхээс нь илэрдэг. Тиймээс папиллома вирус халдсан л бол умайн хүзүүний хавдар тусдаг гэдэг нь өөрөө маш буруу ойлголт. Заавал бэлгийн замаар халддаг ч юм биш. Арьснаас арьсанд хүрсэн бол халдаж болдог. Хамгийн гол нь тухайн хүний биед өөрт нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлс байгаа учраас папиллома вирус хавдар үүсэхэд гол нөлөөлдөг. Дэлхий даяар умайн хүзүүний хорт хавдрыг 2030 он гэхэд байхгүй болгож, устгая гэдэг том зорилго тавьчихсан. ДЭМБ 100 мянган хүнд дөрөвхөн тохиолдол хүртэл бууруулна гэж зорьж байна. Манай орны хувьд 100 мянган хүнд 23,5 байгаа.

УУШИГНЫ ХОРТ ХАВДАР

Уушгины хавдраар нас барсан хүмүүсийн 70 хувь нь тамхинаас шууд хамааралтай байдгийг эрдэмтэд тогтоожээ. Мөн уушгины хорт хавдар үүсгэдэг гол шалтгаан нь хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин, буруу хооллолт, хорт зуршлууд байдаг аж. Эдгээр нь зөвхөн хувь хүний өөрийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарал хандуулж байгаагаас шууд хамааралтай байдаг. Манай улсын эрэгтэйчүүдийн 68.5 хувь, эмэгтэйчүүдийн 30.4 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Монгол улсад уушгины хорт хавдар зонхилон тохиолдох хорт хавдрын эрэгтэйчүүдэд дөрөвдүгээрт, эмэгтэйчүүдэд наймдугаарт ордог боловч хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх тавд ордог байна. Уушгины хавдрын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд цустай цэр гарах, цээжээр өвдөх ямар ч шалтгаангүйгээр ханиалгах зэрэг хавдар байж болзошгүйн тэмдэг гэнэ. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь хожуу үедээ орсон үед илэрдэг юм байна.

Харин эрт үеийн хавдар ямар ч зовуир байхгүй, шинж тэмдэг илэрдэггүйг мэргэжлийнхэн онцолсон. Тиймээс иргэд эрүүл мэнддээ анхаарч хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацаанд хамрагдах хэрэгтэйг эмч нар зөвлөдөг. Ингэснээр эхний шатанд оношлогдсон хавдар мэс ажилбар хийхэд ч амар, эцсийн үр дүн нь сайн байдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж, нас баралтын үзүүлэлтээрээ элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд гуравдугаарт орж байна.


Хорт хавдрын улмаас нас баралтаараа дэлхийд дээгүүрт орж байгаагийн гол шалтгаан нь эрт оношлогдож чадахгүй байгаа, хорт хавдрын эмчилгээний зардалд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байгаатай холбоотой байна.


Жишээ нь элэгний хорт хавдар эхний шатанд 250,000₮ -р хавдрыг тэжээж байгаа судсыг боогоод тэжээлийг нь таслахад эмчлэгдэнэ. Харин тархсан үсэрхийлсэн бол элэг солих мэс засал 50 сая - 450 сая болох бол 4-р шатанд эмчилгээ нь зөвхөн хөнгөвчлөх эмчилгээ байх ба энэ нь тухайн өвчтөн хэр удаан наслахаас хамаарна. Хорт хавдраар өвчилсөн тохиолдолд үе шатаас хамаарч эмчилгээний зардал өөр өөр байдаг.

Та хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. 

 



2019/03/15