МӨНХ АМЬДРАХ УХААН


              2015 онд Оросын эрдэмтэд Сибирийн мөнх цэвдгээс олдсон 3.5 сая жилийн настай бактерийг туршилтын хулганад тарьжээ. Туршилтын гол зорилго нь амьдралыг уртасгах, болж өгвөл мөнх амьдралын нууцыг олох байлаа. Эрдэмтдийн нотолсноор хулгана маш эрч хүчтэй болсноор барахгүй, үр төлөнд нь ч энэ нөлөө нь харагдсан байна.


Ийм Мөнх амьдралын нууцыг эрэлхийлсэн туршилтууд эртний Грекээс эхлэн, дундад зууны философийн эрин дамжиж өнөөдрийг хүрчээ.


Грекчүүд бурхдын идсэн хоол ундааг Амбросиа хэмээн нэрлэж, түүнээс хүртсэн хүмүүний өвчин зовиур эдгэж мөнх насыг олдог хэмээн итгэдэг байлаа. Харин дундад зууны үед хүнийг хязгааргүй наслуулах, философийн чулуутай утга нэг эликсир хэмээх бодисыг бүх л алхимичид хайж, зарим нэг нь түүнийгээ олсон хэмээн зарлан тунхаглаж байв. Хэрэв эдгээр оролдлогууд амжилттай болсон бол Египетийн цац суваргуудыг баригдаж байх үеийг нүдээр харсан гэрч, Америк тивийг нээсэн хүмүүс бидний дунд алхаж байх байсан бизээ.  

Хэдийгээр зуун жилийн өмнөхтэй харьцуулахад хүний дундаж наслалт бараг 2 дахин нэмэгдсэн боловч өнөөдөр 70 наснаас төдийлөн хэтрээгүй л байна. Хэрэв хүн хоол ундаагаа тохируулж, тогтмол хөдөлгөөнтэй, нарийн хуваарийн дагуу амьдарвал 125 хүртэл наслах боломж бий гэж шинжлэх ухаанд үздэг. Гэвч энэ нь өнөөх мөнх насны хаана нь ч хүрэхгүй. Хэдийгээр бие мах бодийн хувьд чадахгүй ч зорьсон үйлсээрээ мөнх амьдрах боломж бий гэж зарим хүмүүс итгэдэг.

Нэгэнт бид мөнхийн амьдралын нууцыг олж чадаагүйгээс хойш амьдралд тохиолдох асуудлууд олон. Мөнх биш биетэй учир цаг минутаар хөгширч, өдөр өдрөөр эрүүл мэнд муудна. Насны эцэст ажиллаж чадахаа болих үедээ бусдад дараа болчихгүй юмсан, надад ямар нэгэн муу юм тохиолдвол надаас хойш хүүхдүүд минь яана даа гэсэн бодлоор толгой дүүрдэг. Энэ бүх асуудлыг дан ганц өөрийн хүчээр даван туулна гэвэл нэг хүний биед ахадна. Хэчнээн сайн төлөвлөж, хэчнээн сайн урьдчилан тооцоолсон ч амьдралд гэнэтийн зүйл элбэг тохиолдоно. Хүн төрөлхтөн мөнхийн усыг нээж чадаагүй ч гэнэтийн эрсдэлийг удирдах аргыг бодож олсон нь даатгал, тэр дундаа амьдралын даатгал юм. Амьдралын даатгал бол зүгээр нэг цаасан дээр байгуулдаг гэрээ биш,


Амьдралын даатгал бол эцэг эхийн хүүхдүүддээ өгч буй хайр, дараагийн үедээ дамжуулж буй итгэлийн бамбар


Эцгийн эхлүүлснийг хүү нь гүйцээснээр амьдралын үргэлжлэлийг бий болгож үүгээрээ мөнх амьдрах боломжтой гэж зарим сэтгэгчид итгэдэг. Энэ тойргыг бүтэн байлгахад амьдралын даатгалын гол зорилго, үзэл санаа чиглэж гэр бүлээ гэсэн эцэг эхийн хайрын илэрхийлэл болдог.

Бид малаа, машинаа даатгадаг хирнээ хүнээ даатгах дээр гар татаж, за яахав би өвдөх бишдээ гайгүй биздээ гэсэн Монгол хүний хэнэггүй сэтгэлээр өөрийгөө, гэр бүлээ хойш нь тавьсаар ирсэн нь гэм биш зан болж. Бид дандаа ийм байсан уу гэвэл үгүй. Өвөлдөө иднэ хэмээн үүцээ бэлтгэж, хүүгээ хурим хийхэд нь шинэ гэр барьж өгөн, амьжиргаагаа үргэлжлүүлэх мал тастаж өгдөг Монгол ахуй бидэнд бий. Өнөөдөр бидний хэцүү цагт зориулан нөөцөлж буй үүц, өөрийнхөө мөнх амьдрах ухааныг баталгаажуулж буй алсын хараа бол Амьдралын даатгал юм.


Э.Жаргалан



2018/11/05