ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧ БОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫГ КОВИД 19 ДААТГАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДААТГАНА


Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-н зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.

 “КОВИД 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д заасан эмнэлгийн мэргэжилтнүүд, мөн хуулийн 3.1.6-д заасан эрүүл мэндийн нийт ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулах юм. Даатгалд хамрагдсанаар КОВИД 19 өвчнөөр оношлогдвол даатгуулагчид 500 мянган төгрөгийг, уг өвчний улмаас амь насаа алдвал гэр бүлд нь 12 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгох юм.

Даатгалд хамрагдахдаа www.mylife.mn сайтад хандан зөвхөн онлайнаар даатгуулахаас гадна 70113366 утсаар лавлах боломжтой.

Мөн манай компани “Тус солюшн” ХХК-тай хамтран хөгжүүлсэн КОВИД 19 халдварт өвчлөлтэй холбоотой цаг үеийн зөв, нэгдсэн мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор www.covid19.mn цахим хуудсыг хийсэн гэдгээ өнөөдөр Улсын онцгой комисст танилцуулж, хүлээлгэн өглөө.



2020/04/02