Орон сууцны зээлтэй бол даатгуулах хэрэгтэй юу?


Хаана амьдрах, ямар орон сууц худалдан авах нь хүний амьдралын томоохон шийдвэрүүдийн нэгэнд тооцогдоно. Өнөөдөр Монголын 90 гаруй мянган гэр бүл энэ шийдвэрээ моргейжийн зээлийн тусламжтайгаар аль хэдийнээ бодит болгожээ. Судалгаагаар эдгээр зээл авсан иргэдийн 4 хүн тутмын 3 нь 24-45 настай ид ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс байдаг бөгөөд нийт орлогынхоо тэн хагасыг зээлдээ төлж, үлдсэн хэсгийг нь амьжиргаандаа зарцуулдаг байна. Тэгэхлээр тухайн зээлдэгч ямар нэгэн байдлаар ажил хийж чадахаа болих, цаашлаад амь насаа алдлаа гэхэд ард нь үлдэж байгаа гэр бүлийн гишүүддээ их хэмжээний санхүүгийн дарамт үлдээх эрсдэлтэй өдөр бүр нүүр тулдаг байх нь.

Сүүлийн 3 жилийн судалгаагаар дээрх эрсдэлийн 85.5 хувь нь амь нас, 14.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа алдахтай холбоотойгоор тохиолдсон байна. Харин амь насаа алдсан зээлдэгчдийн хувьд 74.4 хувь нь өвчнөөр, 24.6 хувь нь гэнэтийн ослоос шалтгаалан хорвоог орхижээ. Энэ нь Монгол улсад гэнэтийн ослоос илүүтэйгээр зүрх судас, хавдар, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчнүүдээр нас барж байгаа иргэдийн тоо олон байдагтай холбоотой юм. Статистикаар дээрх эрсдэл тохиолдсон гэр бүлд 43 орчим сая төгрөгийн зээлийн хариуцлага үлддэг аж.

Банкны зүгээс харилцагчиддаа дээрх эрсдэлүүдээс улбаалан зээлээ төлөх чадваргүй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор даатгуулах шаардлага тавьдаг. Даатгалын салбарын хувьд гэнэтийн ослын эрсдэлийг ердийн даатгал, өвчний улмаас амь насаа алдаж зээлээ төлөх боломжгүй болох эрсдэлийг амьдралын даатгал хариуцдаг байна. Иргэдийн хувьд өөрсдийн амьдралын хэмнэл, эрүүл мэндийн байдлаа харгалзан үзэж зөвхөн гэнэтийн ослыг хариуцах ердийн даатгалд даатгуулах уу, өвчин болон гэнэтийн осол аль алинийг нь хариуцах амьдралын даатгалд даатгуулах уу гэдгээ шийдэх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.