“Хавдар Судлалын Үндэсний Төв” /ХСҮТ/-ийн эмч нар зөвлөж байна.


1. ХСҮТ –ийн ерөнхий захирал, доктор, профессор Ж.Чинбүрэн:

Элгээ хамгаалж, хайрлая гэж байгаа бол та өөртөө В,С вирус байгаа эсэхийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Мөн 40-50 насныханд илүүдэл жин, таргалалт маш их байна. Энэ нь элэгний ачааллыг нэмэгдүүлж байдаг учраас жингээ хянаж, зохих хэмжээнд барих хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоод байгаа өтгөн хаталтаас сэргийлэх нь зөв. Өдөр бүхэн өтгөнөө гаргаж байх нь элэг өвдөхгүй байх эхний алхам.

2. ХСҮТ -ийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Р.Ганбаатар

Яг ийм хоол хэрэглэвэл ходоодны хорт хавдраас сэргийлнэ. Эсвэл муу гэсэн судалгаа огт байхгүй. Тийм бол хүн бүхэн сэргийлэх боломжтой. Зохистой хэрэглээ, хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өглөө хөнгөхөн, өдөр махан хоол, орой хөнгөхөн гэх мэт. Ер нь бол хэт их идэхгүй байх ёстой. Давсны хэрэглээгээ хяна, багасга. Сайн хоол хүнс гэдэг нь шинэ, шинэлэг байхыг хэлдэг. Монголчууд бүгдээрээ л хоносон хоолоо идэж л байдаг. Бас сонин нь дөчин жил нэг гэрт амьдарч нэг тогооноос хооллосон эхнэр нөхөр байлаа гэхэд нэг нь хорт хавдраар өвдсөн байх жишээтэй. Тэгэхээр хувь хүний биеийн онцлог удам, ген нөлөөлж байгаа юм. Хэрвээ аав, өвөө, ээж нь ходоодны хорт хавдраар өвдөж байсан бол би өвдөх магадлалтай гэж ухамсарлаад хоёр жилд нэг удаа дурандуулах л хэрэгтэй.

3. ХСҮТ -ийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Чинзориг

Тамхи татах нь уушгины хорт хавдрын гол шалтгаан. Тамхийг хэн нэгний албадлагаар хэн ч татдаггүй. Ямар сайхан харагддаг, өөр ямар шалтгаантай байлаа ч тамхи битгий тат. Тамхи нь ганц энэ өвчний шалтгаан болохгүй. Зүрх судас, амны хөндийн өвчнийг үүсгэхээс гадна таны гоо сайхныг гутааж байна. Мөн эдийн засгаа ч бодоод үз. Тамхи битгий татаачээ гэж л уриалмаар байна.

4. ХСҮТ-ийн бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал, хавдрын эмэгтэйчүүдийн их эмч Л.Баярсайхан

Умайн хүзүүний хавдрын тухайд үндсэн үүсгэгч нь папиллома вирус гэдгийг 1996 онд судлаад тодорхой болгочихсон. Энэ төрлийн хавдрын нийт тохиолдлын 96 хувь нь папилома вирусээс болж байгаа.Папиллома вирус бол хүний ханиад томуу үүсгэдэг вирус адил хамгийн түгээмэл вирусийн нэг. Эрэгтэй, эмэгтэй хэнд ч халдаж болдог. Ялангуяа залуу эмэгтэйчүүдээс шинжилгээ аваад үзэхэд бараг ихэнхээс нь илэрдэг. Тиймээс папиллома вирус халдсан л бол умайн хүзүүний хавдар тусдаг гэдэг нь өөрөө маш буруу ойлголт. Заавал бэлгийн замаар халддаг ч юм биш. Арьснаас арьсанд хүрсэн бол халдаж болдог. Хамгийн гол нь тухайн хүний биед өөрт нь хавдар үүсэхэд нөлөөлж байгаа бусад хүчин зүйлс байгаа учраас папиллома вирус хавдар үүсэхэд гол нөлөөлдөг.

5. Хавдар судлалын үндэсний төвийн рентгений зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Хүний гавьяат эмч, клиникийн профессор Р.Асай

Ганц хөхний хавдар гэлтгүй бүх төрлийн хавдраас сэргийлэх хамгийн зөв арга зам бол амьдралын зөв дадал зуршил. Зөв унтах, зөв хооллох, архи дарс, шоу цэнгээнээс татгалзахыг л хэлмээр байна. Харин хөхний өмөн өвчний тухайд эмэгтэйчүүддээ хандаж хөхөн дээр чинь жижигхэн бэрсүү гарсан ч тэрнийг анхааралтай ажиглаж, хянуур байж, байнга шалгаж үзэж байхыг л зөвлөмөөр байна. Ингэвэл хөхний хавдраас сэргийлж бүрэн болно шүү дээ.

6. ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Г. ҮНЭНБАТ

Би европ анагаах ухааныг төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. Солонгос, Швейцар, Францад мэргэжил эзэмшсэн. Тэр оронд ямар нэг амьтны мах идэж хавдар эсвэл бусад өвчнийг эдгээнэ гэсэн ойлголт байдаггүй. Ялангуяа, байгаль дээр байгаа зэрлэг амьтны махыг түүхийгээр нь идвэл нойр булчирхайд сайн гэсэн судалгаа дэлхийд байхгүй. Монгол анагаах ухаан юу гэж үздэгийг би сайн мэдэхгүй. Үүнийг зөв гэж хэлэхгүй, үгүйсгэхгүй. Гэхдээ тарвага маань нэгдүгээрт агнах хориотой амьтан. Хоёрдугаарт, байгаль дээр байдаг зэрлэг, халдвар тарааж болох амьтны махыг түүхийгээр нь иднэ гэдэг анагаах ухаанд байж болохгүй зүйл. Хувь хүнийхээ үүднээс хориглох хэрэгтэй гэж бодож байна. Сая манайд элэгний мэс засал хийлгэх гэж байсан хүн буурын заар идсэнээс болоод элэгний дутагдалд орсон. Өмнө нь шинжилгээгээр мэс засал хийлгээд аврагдах боломжтой байсан ч гахайн элэг идэж, буурын заар хэрэглэснээс болсон. Тиймээс хавдрын эсрэг эмчилгээнд орох гэж байгаа бол ам дамжсан зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Та хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.