Хорт хавдрыг ялан дийлсэн Б.Ганболд: Хайртай хүмүүсээ хайрлая гэвэл өөрөө эрүүл бай = /media/images/elderly-hands-holding-the-walker.original.jpg


Тавь хол гарсан насандаа эцсийн шатандаа орсон ходоодны хорт хавдрыг ялж гараад одоо эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч яваа түүний тухай ярихад олон хүн гайхах нь дамжиггүй. Ингээд зогсохгүй хүнд хагалгаа, эмчилгээний дараа олон жил хичээллэсэн волейболын спортоороо олон улсын хэмжээний мастер цол хүртсэн түүнийг энэ хорвоогийн хамгийн их сэтгэлийн тэнхээтэй хүн гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Таныг хавдар өвчинтэй хүнд мэс заслаар ходоодоо авахуулж, тэмцэлдэж, ялан дийлж чадсан Б.Ганболдтой уулзуулъя.

Ходоодны хорт хавдар туссан гэдгээ хэзээ, яаж мэдсэн бэ?

Мэс засалд орохоосоо жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны хавар мэдсэн. Анх энэ мэдээг дуулахад их л хүнд тусдаг юм билээ.

Энэ өвчнийг тусахаасаа өмнө хорт хавдрын талаар, ялангуяа ходоодны хорт хавдрын талаар хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй байсан бэ?

Мэдлэг их дутмаг байсан. Монгол хүн ер нь сүх далайтал үхэр амар гэгчээр өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн бодолтой юм байна гэдгийг сайтар ойлгож авсан. Би ийм өвчтэй болсноо мэдээд хэвлэл мэдээллийн хэрэгслээс орос, монгол хоёр хэлээр ходоодны хорт хавдрын талаар нэлээд уншиж судалсан. Тэгээд зохих мэдлэгтэй болж эхэлснээр өвчинтэйгээ тэмцэхээр шийдсэн гэж хэлж болно. Хүн ер нь хоёр жил тутамд дурангийн үзлэг оношилгоонд заавал орж, ходоодоо дурандуулж байх хэрэгтэй юм байна. Ингэснээр ходоодны хавдрыг эрт оношлуулах боломжтой болно.

Зовиур анх яаж илэрсэн юм бол?

Анх 1987 оны үед ходоодны шархтай байна гээд зохих эмчилгээ хийлгэж байсан юм. Тэгээд далд үедээ орчихсон байсныг нь эрүүл болчихлоо гээд орхичихсон хэрэг. Гэтэл 30 гаруй жилийн дараа буюу өнгөрсөн хавар нэг л өглөө хоолойгоор ус ч давахаа больчихсон. Хоол идэх нь битгий хэл шингэн зүйл ууж чадахаа байсан.

Тэгээд л шууд эмнэлэгт хандсан уу?

Эмчид үзүүлэхэд “Таны өвчин эцсийн шатандаа орчихжээ. Найдвар тун хэцүү. Мэс засал хийж болохгүй. Зөвхөн химийн эмчилгээ л хийж болно” гэсэн. Хоёр ч удаагийн эмч нарын зөвлөгөөнөөр ороход хоёуланд нь ингэж хэлсэн. Миний өвчин IV шатандаа орж хүндрээд бүх булчингууддаа халдварлаад нөлөөлчихсөн байсан юм. Миний хэлэхийг хүсч байгаа өөр нэг зүйл бол манай эмч нар энэ хүнд амьдрал бэлэглэчих юм сан гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй боловч хуулиндаа баригдаж, сүрдээд чаддаггүй болохыг би их сайн ойлгож авсан. Хуулиас болоод эмч нар ур чадвараа бүрэн гаргах боломжгүй болж байна. Би хагалгаанд орохын тулд ойр дотнын 17-24 хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй болсон. Яагаад гэвэл хэрэв би хагалгаагаа дийлэхгүй ямар нэгэн юм тохиолдвол тэр эмч нар хуулийн өмнө хариуцлага хүлээх учраас тэр.

Та тэгвэл бараг аз туршиж хагалгаанд орсон юм биш үү?

Би өөрөө сэтгэл зүйн бэлтгэлээ их сайн базааж, бэлдсэн. Эдгэрнэ гэсэн итгэлтэй байж, сэтгэлийн хаттай байж чадсан гэх үү дээ.

Үр дүн хэр хурдан гарч эхэлсэн бэ?

Хими эмчилгээнд орсноос хойш бага багаар үр дүн гарч эхэлсэн. Химийн эмчилгээ тийм амар биш. Ихэнх хүмүүс шантарч няцдаг. Миний биед химийн хор биш, зүгээр л нэг дусал, тариа хийж байна шүү гэх маягаар төсөөлөн бодож, сэтгэл зүйгээ бэлдсэн. Ингэвэл хими эмчилгээндээ хордох нь илүү бага байдаг. Яагаад хүмүүст хими эмчилгээний дараа хордлого өгдөг вэ гэхлээр арьс махны завсар өөхөн  гадаргууд хуримтлагдсан хороо гаргаж чадахгүйгээс болдог. Тиймээс би өдөрт хоёр удаа халуун бүлээн босоо шүршүүрт орж байсан. Ингэж хоёр удаа босоо шүршүүрт орох үеэр химийн хор болох угаадас шиг саарал өнгөтэй зүйл биенээс гардаг. Тэр нь их муухай үнэртэй. Ингэж хороо гаргаж чадвал химийн эмчилгээнд хордох нь гайгүй гэдгийг над шиг өвчтэй болсон бусад хүмүүст хандаж зөвлөмөөр байна.

Дээр нь хүнд өвчтэй болсон тохиолдолд тийм ч ургамал, ийм ч юмны үндэс сайн гэж дур мэдэн хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэй. Учир нь хүн бүрийн бие махбодь харилцан адилгүй. Тиймээс элдэв эмийн ургамал, ардын эмчилгээнд битгий найдаарай гэж захимаар байна. Хэзээ ч тэдгээрийг хэрэглэж болохгүй шүү. Хэрвээ хүнд өвчин туссан хүн бүр тэр ургамлуудыг чинь хэрэглээд эдгэчихдэг байсан бол орчин үеийн энэ хүчирхэг анагаах ухааны хэрэг гэж байх уу. Тиймээс ам дамжсан элдвийн ургамал, сүлжээний эм бэлдмэлд битгий найдацгаа.

Одоо та өөрийгөө бүрэн эдгэсэн гэж хэлж чадах уу?

Чадна. Би бүр нүүр бардам хэлж чадна.

Таны хавдар эцсийн шатандаа орсон байсан уу?

Тийм ээ. IV үеийн хамгийн эцсийн шатандаа орсон байсан. 

Миний ходоод хүний ходоод шиг улаан, ягаан өнгөтэй биш, зүгээр л нэг шар ногоон, малын гүзээнд чихээд орхичихсон мах шиг болчихсон байсан юм. Сайн эмч нар, сэтгэлийн хат хоёрын хүчээр л давж гарлаа.

Энэ дашрамд манай Монголын эмч мэргэжилтнүүд үнэхээр мундаг бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай гэдгийг онцолъё. Ийм сайн эмнэлэг, эмч нар байхад заавал гадаад руу явж олон саяын зардал гаргахгүйгээр эмчлэгдээд эдгэж яагаад болохгүй гэж. Бээжингийн Армийн эмнэлэгт яг миний хийлгэсэн шиг эмчилгээ хийлгэхэд монгол мөнгөөр 60-70 сая төгрөг. Дээр нь тийшээ явж эмчилгээ хийлгэх тоолонд замын зардалтайгаа нийлээд 20 сая төгрөгийн зардал гарна. Гэтэл би Монголдоо эрүүл мэндийн даатгалаараа хагалгаа хийлгэж, химийн эмчилгээ хийлгэхэд өөрөө хувиасаа ердөө гурван сая орчим төгрөгийн зардал гаргасан байх жишээтэй. Бээжингийн Армийн эмнэлэгт зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Мэдээж Бээжин явахад зохих хэмжээний зардал гараагүй биш, гарсан.

Гурван сая уу?

Миний хувьд л гурван сая гаран эмчилгээний зардал гарсан. Гэхдээ ямар төрлийн хорт хавдраасаа шалтгаалаад эмчилгээний зардал янз бүр байдаг юм байна лээ. Ялангуяа элэгний хорт хавдар бол эмчлүүлэхэд их хэмжээний зардал гардаг. Манай улс хавдрын маркерийн шинжилгээг үнэгүй үздэг. Тиймээс би хүмүүст хандаад маркераа тогтмол үзүүлж бай гэж хэлмээр байна. Бид нар бас эх орныхоо зарим хөгжил цэцэглэлтэд сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Тиймээс би цаг алдалгүй эмчид үзүүлж, өвчтэй бол оношоо эртхэн тогтоолго гэдгийг дахин дахин хэлье.

Одоо та хоолны дэглэм барьж байгаа юу?

Барьж байгаа. Өдөрт 5-6 удаа бага багаар хооллодог. Шарсан хуурсан зүйл иддэггүй. Хэт халуун, хүйтэн юм идэж, уудаггүй. Нарийн дэг журам, амьдралын зөв горимыг баримталж чадвал ямар ч өвчнийг давж гарч болохоос гадна мөн ямар ч өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Хайртай хүмүүсээ зовоохгүй гэж хүсч байгаа л бол эрт оношилгоонд, урьдчилан сэргийлэх үзлэгт ороход буруудахгүйгээс гадна амьдралын зөв хэв маягийг эрхэмлэцгээе гэж уриалъя.

Хүнд өвчинтэй тэмцсэн энэ бүх хугацаанд итгэл алдрах үе байсан уу?

Шөнө 2-3 цагийн хооронд хүчтэй өвддөг. Ийм үедээ би амандаа юм зууж байгаад үүрээр эрт гэрээсээ гараад гүйдэг байсан. Гүйж гүйж нэлээн хөлс гараад ядраад ирэхээр өвдөх нь зогсдог байсан юм. Амьдралд эдгэдэггүй хүнд өвчин л зовлон болохоос бусад асуудал зовлон биш гэдгийг энэ хугацаанд ойлгож авсан. Бусад асуудал зүгээр бэрхшээл төдий юм.

Та энэ өвчнийг тусахаасаа өмнө ингэж боддог байсан уу, эсвэл өвчинтэйгээ хийсэн тэмцэл таныг ингэтэл өөрчлөв үү?

Гуйлга гуйж яваа өлсгөлөн хүний зовлонг өлсөж үзсэн хүн л мэддэг. Цатгалан хүн ойлгодоггүй. Би өөрөө волейболын спортоор олон жил хичээллэсэн учраас архи, тамхи хэрэглэдэггүй, нэг ёсны амьдралын хагас зөв хэв маягтай явсаар ирсэн гэж хэлж болно. Энэ өвчнөөр өвдсөн цаг хугацаа намайг асар их сэтгэлийн тэвчээр хатуужилтай болгосон. Бусдыг хайрлаж, аливаа зүйлийг хоёр, гурван талаас нь боддог болтол хүнийг өөрчилдөг. Хавдар өвчин огт өвдөхгүй байж байгаад гэнэт эцсийн шатандаа илрэх тохиолдол зөндөө байдаг юм билээ.

Анх ийм өвчтэй болсныг чинь мэдээд гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ. Амаргүй байсан байх даа?

Одоо ч гэсэн үүнийг үгээр илэрхийлэхээс аймаар санагдаж байна. Нүдэнд харагдах шиг л болдог. Хань маань тэр үед надтай хамт явсан юм. Нулимс нь цийлгэнээд гар хөл нь салганаж чичрээд л. Тийм үед би өөрөө эр хүн байж хань ижилээ дагаад уйлж унжаад сэтгэлийн хатгүй байж болохгүй байсан. Хэрэв тэгсэн бол миний дайсан болсон өвчин баярлаад улам газар авах нь тодорхой учраас аль болох тайван, сэтгэлийн хатуужилтай байхыг хичээсэн дээ.

Би мэс засалд орохдоо нойрсуулах тариа хийлгэхийн өмнө юуг амжиж бодох уу гэдгээ их бодож, төлөвлөсөн. Сэтгэл зүйгээ бэлдсэн гэх үү дээ. Тэгээд би гуравхан цагийн дараа хайртай хүмүүстэйгээ баяртайгаар уулзалдана шүү дээ гэж нойрсуулах тариа хийхийн өмнөхөн амжиж бодсон юм. Тэгээд намайг тэргэн дээр түрээд өрөөний босгоор торхийгээд гарах мөчид би нойрноосоо сэрсэн. Эмч “Хүүе ээ, Ганболд гуай та сэрчихсэн үү” гэж хэлэхийг сонссон юм. Тиймээс би над шиг хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа бусад хүмүүст хандаж сэтгэлийн хат, тэвчээр хамгийн чухал шүү гэж захимаар байна.

Та сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд орос хэлээр уншиж судалсан гэсэн үү?

Тэгсээн. Оросоос гадна монголоор ч зөндөө уншиж судалсан. Сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө ч авсан.

Ийм хүнд өвчнийг даваад гарчихсан хүнд яг ямар мэдрэмж, ухаарал төрдөг юм бэ?

Яг л анхны хайртайгаа учирсан мэт болдог юм байна. 

Би өмнө нь долоо хоногт ууланд хоёр удаа гардаг байсан бол одоо гурав болгосон. Биеийн тамирын зааланд долоо хоногт мөн л нэг удаа очдог байснаа хоёр болголоо. Өөр дээрээ ачаалал их нэмдэг болсон. Хүн ер нь сулбайгаад хэвтээд байвал эд эс нь үхжээд байдаг. Би гэртээ зүгээр сууж байхдаа хүртэл сфайндер тренажёр атгаж, гарынхаа булчинг хөгжүүлдэг. 

Ингэж хөдлөх тусам хүний эд эс залуужиж, арьс хүртэл өнгө зүс ороод эхэлдэг юм.

Ходоод хогийн сав биш гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр манай залуусын зарим нь хамаа замбараагүй архи дарс ууж, наргиж цэнгэх болжээ?

Ходоод хогийн сав биш гэдэг үгнээс гадна явдаг жорлонгоосоо салцгаая гэдэг үгийг би энд хэлмээр байна. Залуу насаа хайрлая, ходоодоо хайрлацгаая. Засч сэлбэж болдог автомашиндаа хэдэн зуун мянгаар үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийлгээд байдаг мөртлөө ямар ч сэлбэг, нөхөөс байхгүй энэ биеийнхээ эрүүл мэндэд яагаад хэдхэн төгрөг зарцуулаад өвчнөөс урьдчилан сэргийлчихэж чадахгүй байна вэ, залуус минь. Чи бол цорын ганц бодгаль. Чиний бие чиний унадаг машин шиг нөөц сэлбэг гэж байхгүй гэдгийг ойлгооч. Дээр нь хань ижилдээ үнэнч бай. Хайртай хүмүүсээ, хань ижилээ битгий гомдоо. Тэдэндээ битгий хатуу хүтүү үг хэл. Хүнд амьдралын хань ганц л заяадаг юм. Хайртай хүмүүстээ чиний үзүүлж чадах хамгийн сайн хайр халамж юу вэ гэвэл чи өөрөө эрүүл байх явдал шүү.

Та волейболын спортоор олон жил хичээллэж байгаа. Хорт хавдрыг ялж гарсныхаа дараа олон улсын хэмжээний мастер болсон байх аа?

1986 онд спортын мастер авч байлаа. Харин сая эрүүл болсныхоо дараа олон жилийн мөрөөдөл болсон олон улсын хэмжээний мастер цолоо авсан. Нас бол тоо байхгүй юу. Би одоо зааланд очихоороо 30-тай залуустай ана мана л волейбол тоглодог. Залуустаа хандаж спиртээс хол байж, спортоор хичээллэцгээе гэж уриалъя. Манай улсад спортын заал, танхимын тоо нэмэгдээд байвал баарны тоо төдий чинээ багасна гэж боддог.

Та өөрийгөө эмчилсэн эмч нарт хандаж юу гэж хэлэх вэ?

ХСҮТ-ийн ходоодны мэс заслын эмч Эрдэнэ-Очир, химийн эмч Отгон, тус эмнэлгийн дарга Чинбүрэн болон бусад ажиллагсад, хамт олонд талархаж явдгаа хэлье. Эдгээр хүмүүсийн нэрийг хэлэх тоолонд миний сэтгэлд баяр баясгалан, бахархал мэдрэгддэг.

Таныхаар сэтгэлийн тэвчээр, хатуужил гэж юу вэ?

Өөрийнхөө зовлонг, өөрийнхөө бурууг өрөөл бусдад нялзаахгүй, үнэн зөв хоёрыг ялгаж сурахыг. Бас хүнд хараар биш, цагаанаар атаархаж сурахыг сэтгэлийн хат гэж хэлнэ. Хүнд ер нь сэтгэлийн тэвчээр, хатуужлаас гадна бас надад тохиолдсон шиг гэнэтийн эрсдэлийг тооцоолж чаддаг чадвар хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ойлгосон. Эрсдэлээ тооцоолж, үүнээс урьдчилан сэргийлэх арга замуудыг судлах, мөн эрүүл мэндийн даатгалд хамрагдвал хорт хавдраар өвдсөн ч гэсэн санхүүгийн хүндрэлгүйгээр даван туулах боломжтой юм шүү гэдгийг хэлмээр байна.

Дэлхий дахинаа жилд 17 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 9,6 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл огцом нэмэгдэж, нас баралтын үзүүлэлтээрээ элэг болон ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдраар дэлхийд гуравдугаарт орж байна. Мөн Монгол улсын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны хоёрдугаарт хорт хавдрын өвчлөл орсоор байна.

Хорт хавдрын өвчлөл өндөр байгаа хоёр үндсэн шалтгаан нь:
  1. Эхний үе шатандаа оношлогдож чадахгүй байгаатай холбоотой.
2017 оны байдлаар 6073 хүн шинээр хорт хавдраар өвчилж, 4037 хүн хорт хавдрын улмаас нас барсан байна. Шинээр оношлогдож байгаа хүмүүсийн 75,6 хувь нь хожуу буюу 3, 4-р шатандаа оношлогддог ба өвчлөгчдийн 28,1 хувь нь таваас дээш жил амьдардаг байна.
  1. Эмчилгээний зардал өндөр учраас эмчлэгдэх боломж багатай.

Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний зардал нь зургаан сар үргэлжлэхэд дунджаар 1,500-30,000 доллар буюу ойролцоогоор 3,750,000-75,000,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Монгол хүний дундаж цалин энэ оны байдлаар 1,025,000 төгрөг гэж тооцвол гурван сараас зургаан жилийн цалин нь хагас жилийн эмчилгээний зардалтай дүйцэж байна. Мөн эмчилгээний зардал өндөр учраас ар гэрийнхэнд нь сэтгэл санааны хямрал, хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгардаг байна. Олон улсын жишгээр бол ийм өндөр зардалтай эмчилгээг даатгалын тусламжтайгаар шийдвэрлэдэг байна.

Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд хорт хавдраар өвчилсөн тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөн олгож, тухайн гэр бүлийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгална.

Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ ирээдүйг баталгаатай байлгаж, эрсдэл тохиолдсон үед тэднийгээ санхүүгийн хувьд тогтвортой байлгахыг хүсч байвал энэхүү https://nlic.mn/eruulmend/khavdar даатгалыг сонгоорой.