ХҮН ЭРҮҮЛ АМЬДРАХ ОРЦ НАЙРЛАГА БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ


             Хүний эрүүл амьдрах орц найрлагыг 100 хувь гэж тооцвол 10 хувь нь удамшлаас, 25 хувь нь орчны нөлөөлөл буюу агаарын бохирдол, ус агаар, замын хөдөлгөөний аюулгүй байдлаас, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанараас хамаардаг бол үлдсэн 55 хувь нь хувь хүний эрүүл амьдралын дадал, зуршлаас шалтгаалдаг гэдгийг ДЭМБ тодорхойлон гаргажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд хүн төрөлхтөнд заналхийлж буй эрүүл мэндтэй холбоотой 10 ноцтой асуудлыг нэрлэсэн бөгөөд бидэнд хамгийн их хамаатай таван асуудлыг онцолж үзье.

Нэг. Агаарын бохирдол ба цаг уурын өөрчлөлт

Манай гаригийн 10 хүн тутмын 9 нь агаарын бохирдлыг бие дээрээ мэдэрч байгаа тухай тус байгууллагын албан ёсны тайланд дурджээ. Жилд долоон сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй уушги, амьсгалын замын өвчин болон хорт хавдраар хорвоог орхиж байна. Ийнхүү агаарын бохирдлоос болж нас барж буй хүмүүсийн 90 хувь нь ядуу буурай болон дунд зэргийн хөгжилтэй улсуудын иргэд байгаа юм.

Хоёр. Нийгмийн бус гаралтай өвчин

Үүнд төрөл бүрийн хорт хавдар, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг орно. Дээрх шалтгаануудын улмаас манай гариг дээр жилд 41 сая хүн нас бардгаас 15 сая нь 30-69 насны хүмүүс байдаг аж. Архи, тамхи, хар тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт эдгээр өвчлөлийн гол шалтгаан хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Гурав. Дэлхийг бүхэлд нь хамарсан ханиад томуу

2019 онд хүн төрөлхтөн цоо шинэ төрлийн ханиад томууны вирустэй нүүр тулах болно гэдгийг эрдэмтэд болон эмч нар эртнээс санууллаа. Чухам уг вирус нь хүмүүсийг хэр хүндээр өвчлүүлж, ямар хурдтайгаар тархаж, хэчнээн хүнийг үхэлд хүргэхийг хэн ч хэлж мэдэхгүй юм. Учир нь ханиад томууны вирус нь ямар ч мундаг эмч, эрдэмтэн урьдчилж таахын аргагүй тийм хурдтайгаар хувьсан өөрчлөгддөг болчхоод байгаа. Өнгөрөгч 2018 онд хүн ам нь ханиад томуунд өртөөгүй улс орон дэлхийд нэг ч үлдээгүй хэмээн ДЭМБ-ын тайланд онцолжээ.

Дөрөв. Нянгийн эсэргүүцэл

Хүн төрөлхтөн антибиотикийг гарган авсан нь шинжлэх ухааны асар том дэвшил болсон гэж үздэг. Гэвч өдөр ирэх тусам антибиотикт тэсвэртэй хэдэн мянган нянгууд өсч үржиж, шинээр бий болж байгаа нь мэргэжлийн хүмүүсийн санааг түгшээх боллоо. Энэ байдлаараа ирээдүйд ямар ч хүчтэй эм, тарианд дийлддэггүй нян, вирусүүдийн эрин үе эхэлнэ хэмээн судлаачид үзэж байна. Өнөөдрийн байдлаар ханиад томуунаас гадна бэлгийн замын халдварт өвчний вирусүүд ихээхэн хувирамтгай болоод байгааг эмч нар анхааруулах боллоо. Тиймээс антибиотикийг нээсэнтэй адилхан цоо шинэ төрлийн эм тариа гарган авах зайлшгүй шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарч байна.

Тав. ДОХ

Манай гариг дээр ДОХ-ын халдвар тээгч 70 сая хүн амьдарч байна. Үүнээс 37 сая нь өвчлөлийн үедээ орсон өвчтөнүүд юм. Африк тивийн Сахарын бүс нутгийн нийт хүн амын 10 хувь нь ДОХ-оор өвчилжээ. ДОХ-той нийт эмэгтэйчүүдийн дийлэнх нь 15-24 буюу ид нөхөн үржихүйн насны охид бүсгүйчүүд байгаа нь сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй.

Эдгээрийн нэгдүгээрт бичигдсэн Агаарын бохирдолын асуудал манай улсын 1.3 сая хүн буюу нийслэлийн хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлөх боломжтой. ХСҮТ –ийн мэс заслын их эмч Б.Ганзориг хэлэхдээ: Утаатай холбоотой судлаачийн бичсэн нийтлэлээс харвал бохир утаатай орчинд амьдрахад уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл 20 жил гэж үздэг. Гэтэл бид утаан дунд амьдраад 10 жил болчхоод байна. Өнөөдөр төрж байгаа хүүхэд 30 жилийн дараа уушгины хорт хавдраар өвдөхөд гайхах юмгүй гэсэн юм.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтарсан “Улаанбаатар хотын Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй” судалгаагаар 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг ба жилд 120 хүүхэд, 1200-1300 том хүн агаарын бохирдлын шалтгаантайгаар өвдөж, нас барсан гэсэн харамсалтай мэдээг дуулгаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд дээрдээгүй ба Улаанбаатарын утаа улам л өтгөрч, үр дагавар нь хүндэрч байна.

Тийм учраас бид агаарын бохирдлоос шалтгаалан бидэнд учирч эхэлсэн эрсдэлээс өөрийгөө хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа гэж ойлгож болно. Шулуухан хэлэхэд УБ–т амьдраад арван жил болчихсон бол уушгины өвчлөл тусах, тэр ч бүү хэл уушгины хорт хавдраар өвдөхгүй гэх баталгаагүй болчхоод байна. Үүнийг хэн нэгэн сэтгэл хөдлөлөөрөө дүгнэж хэлээгүй ба эмч нар аль эрт яриад эхэлсэн асуудал билээ.


Өндөр хөгжилтэй орны иргэд эрүүл мэндийн даатгалд чухал ач холбогдол өгдөг нь ирээдүйн амар тайван амьдрал, эрүүл энх байдлынх нь баталгаа болдог байна.


Манай улсын иргэд эрүүл мэндийн даатгалыг “цэнхэр” дэвтрээр төсөөлдөг өрөөсгөл хандлагаа таягдан хаях цаг ирчхээд байна. Хувь хүн хүсвэл эрүүл мэндийн даатгалын маш өргөн боломжийг хувийн даатгалын компаниуд үзүүлдэг.  Үүнийг л ашиглах, хүртэх соёл хандлагад суралцах нь таныг ирээдүйд учирч болох эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлээс хамгаалах маш нарийн механизм юм.