Эд хөрөнгө үү? Эсвэл амь нас эрүүл мэнд үү?


Монгол улсын үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй хэмээн тунхагласан байдаг. Гэтэл бид энэхүү эрхээ эдэлж чадаж байна уу? Хоол идэхээр хордчих гээд, зүгээр суухаар угаартчих гээд, гудамжаар алхахаар юу унаад ирэх бол гэсэн айдастай амьдарч байна. Эрүүлийг хүсвэл эмнэлгийг зорь хэмээх үг бий. Харин бидний эрүүл байх эрхийг хамгаалж, энхийн манаанд зогсдог эмнэлэг, эмч нарын нөхцөл байдал дэлхийн хөгжлөөс хэдэн алхмын ард хоцорчээ. Үүний үр дүнд зөвхөн иргэд л хохироод үлддэг. Монгол улсын хилийн дээс алхаад л эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ асаргаа эрс ялгаатай болоод эхэлдгийг бид бүгдээрээ мэдэж буй.

Манай улсад агаарын бохирдол, хоол тэжээлийн аюулгүй байдал, хөдөлгөөний дутагдал зэрэг аюул түгээмэл. Тэр бүү хэл аль нэг барилгын доогуур өнгөрөхөд амиа алдаж, зам гарахдаа золгүй явдалтай учирч болохоор байна. Тиймээс хэн ч хэзээ ч өвдөж, үхэж мэдэхээр нийгэмд амьдарч байгаа талаар хүн бүхэн битүүхэн түгшиж яваа шүү дээ. Манай орон хүн амын аюулгүй байдлын индексээрээ дэлхийд доогуурт бичигдэж байгаа. Бүр дайн тулаантай газруудтай ижил түвшинд байгааг ч хэлэхэд илүүдэхгүй.

Аливаа өвчин туссан тохиолдолд чадалтай нэг нь дотоодын эмнэлгээ алгасаад шууд л гадны өндөр хөгжилтэй орныг зорьж, байдгаа бардаг. Харин нийгмийн дийлэнх хэсэг нь санхүүгийн чадваргүйгээсээ болоод өвчиндөө шаналж, итгэл найдвараа алдах тохиолдол олонтаа. Эрүүл мэндийн салбарийн хөгжлийг юу хойш нь чангаагаад, ямар зүйл дутагдаад байгаа болохоор дорвитой ахиц гарахгүй байна вэ? Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчийн үлгэрээр гол үндэс болсон санхүүжилтийн асуудал аль ч засгийн газрын үед хамгийн том чөдөр болж ирсэн.

Мэдээж дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэндийн бүрэн үйлчилгээг үзүүлдэг эмнэлэгтэй болохын тулд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай. Түүнийгээ дагаад машин техникийн ашиглалтын зардал, эмч нарын сургалт цалингийн сан дагаад өсөх нь тодорхой.

Энэ бүх хөрөнгө оруулалтыг дан ганц улсаас санхүүжүүлнэ гэвэл туйлын бэрхтэй асуудал. Тэгэхээр чанартай эрүүл мэндийн үйлчилгээний дийлэнх ачаалал иргэдийн нуруун дээр ирж эмчилгээний өртөг шууд нэмэгддэг байна. Хагалгаанд орохын тулд 20-30 сая төгрөгийг шууд бэлнээр тоолоод өгөх хүн нийгмийн дунд цөөхөн хувийг эзэлнэ. Ингээд бодохоор өөрөө хүссэн ч үндсэн хуулийн эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн гүрнүүд энэ асуудлыг тойрч биш дайраад гарсан нь тодорхой. Тэдний олж харсан гарц бол даатгал юм. Даатгалын систем нь өөрөө эрсдэлийг тарааж, нэг хүнд ногдох ачааллыг бууруулдгаараа чухал ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл нийтээс хуримтлуулсан мөнгөн хөрөнгөөр эрсдэлд учирсан бүлэгт санхүүгийн тусламж үзүүлдэг гэж ойлгож болох юм.

Монгол орны хувьд энэ үүргийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгал хүлээж байна. Үнэндээ эдгээр нь яг л татвар шиг сэтгэгдэл төрүүлдэг болчихжээ. Улсад төлдөг болоод ч тэр үү, өгөхгүй гэх эрх хэнд ч байхгүй. Гэхдээ эргээд хүртэх өгөөж нь эмчилгээний зардлыг бүрэн нөхөж чаддаггүй бүр нэмээд хувиасаа нэмж төлбөр төлөх хэрэгтэй болдог.

Тэгвэл эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох тулгын гурван чулууны нэг нь даатгалын салбар, тэр дундаа амьдралын даатгал юм.

Даатгалын систем өндөр хөгжсөн орнуудын жишгээс харахад эд хөрөнгийн болон амь нас, эрүүл мэндийн даатгал хийдэг компаниуд үйл ажиллагааны чиглэлээрээ дагнасан байдаг. Энэ нь эргээд даатгалын байгууллагууд мэргэших хандлагыг бий болгодог бөгөөд нөгөө талаар иргэдэд түргэн шуурхай, сэтгэл ханамжтай үйлчилгээг хүргэдгээрээ чухал ач холбогдолтой.

Манай улсын хувьд амьдралын болон эрүүл мэндийн даатгалаар дагнасан компани хэдийнээ үүд хаалгаа нээжээ. Хүн бүр даатгалтай байна гэдэг нь даатгалын санд хуримтлагдах мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлж, улмаар эрүүл мэндийн салбарт очих санхүүгийн урсгалыг эрчимжүүлдэг. Олон улсын жишгээр энэхүү үйлчилгээг амьдралын даатгалын чиглэлийн байгууллага дагнан явуулдаг байна.

Үүнтэй холбоотойгоор амьдралын даатгал болоод ердийн даатгалын ялгааг тодорхойлох хэрэгтэй болно.

Ердийн даатгал гэдэг нь эд хөрөнгө, хариуцлагын буюу тоног төхөөрөмж, барилга байшинд эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгох чиглэлтэй юм. Харин нөгөө талд тэдгээр баялгийг бүтээж, эзэмшиж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн хамгаалалтад авч байгаа амьдралын даатгал байдаг. Улсын зүгээс иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор жолоочийн хариуцлагын, малын индексжүүлсэн даатгалд бүх нийтийг зохион байгуулалттайгаар хамруулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.

Гэхдээ иргэдийн эрүүл мэнд, халамжийн асуудлыг дан ганц нийгмийн даатгалд найдаад үлдээх нь төрийн ачааллыг нэмэгдүүлж үйлчилгээний чанар, хүртээмжийг хүссэн хэмжээнд хүртэл хадгалж чаддаггүй сул талыг үүсгэдэг. Нөгөө талаар төр нь өөрөө хүнээ хангалттай хэмжээнд үнэлж, хамгаалах дорвитой алхам хийхгүй байна. Үүний нэг тод илрэл нь нэг иргэн эрүүл мэндийн даатгалаас жилд 2 сая төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээс харагдана. Дан ганц төр гэлтгүй эд хөрөнгө даатгах зориулалттай ердийн 18 компани байхад амьдралын буюу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг нэг байгууллага байгаа нь нэгийг бодогдуулна. Өнгөрсөн жилүүдэд машин, тоног төхөөрөмж үнэт хөрөнгө байсан бол өнөөдөр хүний амь наснаас илүү үнэт зүйл байхгүйг илүү сайн ойлгох боллоо.

Аливаа байгууллагын амжилтын жишээнээс харахад л ажилтны сэтгэл ханамжийн байдал ажил урагшлахад илүү нөлөөлж байдаг. Чадварлаг хүмүүсийг өөртөө тогтоон барих үндсэн хэрэгсэл нь тэдний нийгмийн асуудалд анхаарал хандуулах явдал юм.

Байгууллагууд ажилчдаа амьдралын даатгалд хамруулж байгаа нь эрүүл мэнд амь насанд эрсдэл учирсан тохиолдолд санхүүгийн хамгаалалт болохоос гадна, гэр бүлийг нь давхар хамгаалж буй хэрэг.

“Эсрэг талгүй нөхцөл байдал байдаггүй” хэмээн эртний цэцэн гүн ухаантан хэлсэн нь бий. Энэ үг биднийг мөрөөдлөө илүү ул суурьтай харж, болзошгүй зүйлийг тооцоолж байхыг заасан. Харин эрсдэлтэй тэмцэх, эрсдэлийг бууруулах тухай бодох юм бол даатгал гэдэг үг хамгийн түрүүнд харван орж ирнэ. Даатгалын систем, тэр дундаа амьдралын даатгал хөгжсөнөөр эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт тодорхой, бодит болно. Ингэснээр хүмүүс өвчин зовлонд нэрвэгдсэн үедээ телевиз, интернет гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тусламж эрэх шаардлагагүй болж өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай болох юм.

Харин төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлснээр даатгалын нийгэмд үзүүлэх сайн нөлөөг улам хүчтэй болгох ач холбогдолтой билээ. Мэдээж, хүн төрөлхтөн эрсдэлээс болж үүсэх санхүүгийн хүндрэлтэй байдлаас өөрийгөө хамгаалах талаар шинийг эрэлхийлж төрөл бүрийн оролдлого хийсэн л байх. Гэхдээ л хамгийн шилдэг шалгарсан арга нь яалт ч үгүй даатгал. Эрсдэл бол бүхий л тооцоонд орох ёстой “орц” гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Та Эрүүл мэндийн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://nlic.mn/eruulmend болон 7011-3366 утсаар лавлаарай. Хаяг: Баруун 4 зам, модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Нэйшнл Лайф Даатгалын компани