Амьдралаа даатгана гэнэ үү?


Даатгалыг муу ёролсон , хэрэггүй гэж үздэг ойлголтууд хуучирч даатгалыг ач тусыг нийгмээрээ ойлгодог, бас ч үгүй хэрэглэдэг болж байна. Бидний Монголчуудын сонгож авсан нийгмийн тогтолцоонд даатгалгүйгээр ямар ч хүн сайн сайхан амьдралын тухай санасны ч гарз юм чинь арга ч үгүй биз. Ийнхүү даатгал гэдэг зүйл бидний өдөр тутмын амьдралд нэвтрэхийн хирээр та бид даатгалын тухай ойлголтоо сайжруулах бодит шаардлагатай нүүр тулж байна.

Таваар мөнгөний харилцаа хүн төрөлхтөний амьдралд нэвтэрснээс эхлээд л даатгалын хэрэгцээ бий болж улмаар ийм үйлчилгээ нэвтэрч байсныг Хятад, Египетийн түүхийн эх сурвалжуудаас мэдэж болно. Зах зээлийн харилцаа хөгжсөн улсуудад даатгалын үйлчилгээ мөн л сайн хөгжиж нийгэмд гүйцэтгэдэг үүрэг нь даатгагдсан иргэдэд хүрдэг үйлчилгээнээс халин улмаар тухайн нийгмийн өмнө тулгарч байгаа олон олон асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгсэл нь болсон байх юм.

Олон улсад даатгалыг ерөнхийд нь life insurance ба non-life insurance буюу амьдралын даатгал ба амьдралын бус даатгал гэж ангилдаг. Амьдралын даатгалыг мөн урт хугацааны даатгал гэдгээр нь ч тусад нь ангилж болно. Ийнхүү тусдаа ангилах шаардлага нь амьдралын даатгал ба амьдралын бус даатгалын үйлчилгээний ялгавартай мөн чанараас үүдэн гарч байгаа хэрэг. Амьдралын бус даатгалыг general буюу ердийн даатгал гэдгээр нь манайхан илүү сайн мэднэ.

Та бидний сайн мэддэг Wikipedia хэмээх нэвтэрхий толинд дурьдсанаас үзэхэд 84 төрлийн даатгал байдаг. Энэ нь улс төрийн, хариуцлагын, эд хөрөнгийн, далайн тээврийн, газар хөдлөлтийн, аюул ослын, нислэгийн, эрүүл мэндийн, тээврийн хэрэгслийн , зээлийн, гэмт хэргийн гээд л их олон төрөлд ангилагддаг гэсэн үг. Тэгэхдээ бас төрөл бүрийг нь задлаад үзвэл дотроо бас их олон ангилагдана. Тухайлбал, эд хөрөнгийн гэхэд л дотроо хүний эдэлж хэрэглэдэг эд хөрөнгийн төрөл бүрээр, жишээ нь малын, орон сууцны, цахилгаан барааны, тээврийн хэрэгслэлийн гэх мэтээр дотроо хуваагдана.

 

Амьдралын даатгал нь юугаараа ердийн даатгалаас ялгаатай вэ ?

Юуны өмнө амьдралын даатгал нь хүний биеийг бүрдүүлдэг эд эрхтэний үйл ажиллагаанд цаг хугацаа болон гаднын бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөс үүдэн бий болдог өөрчлөлтүүдээс улбаалан бий болдог тохиолдлуудад үйлчилдэг даатгал гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Лавшруулан үзвэл хүний насжилт, өвчлөлт, гэнэтийн ослоос үүдэн бий болсон тохиолдлууд хамаарна. Жишээ нь: өвчний улмаас тухайн даатгуулагчийн бие эрхтэнд гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн бол даатгалаас эмчилгээнийхээ зардлыг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн гаргуулна. Өөр нэг жишээ бол хүний нас ахисаар бие мах бодь нь хөгширч улмаар хөдөлмөрлөх чадваргүй болж бидний хэлж заншсанаар тэтгэвэртээ гарах үед амьжиргааны зардлаа тэтгэвэрийн хэлбэрээр даатгалын байгууллагаас авна.

Тэгвэл ердийн даатгал нь хүний бие мах бодиос тусдаа , хамааралгүй даатгалын тохиолдлуудад үйлчилдэг. Тухайлбал, газар хөдлөлтийн улмаас орон сууц, байранд гэмтэл , хохирол үүссэн бол тухайн гэмтэл хохирлыг үнэлээд улмаар нөхөн олговрыг даатгалын байгууллагаас гаргуулан авна. Цаг агаарын ноцтой хүнд нөхцөл байдлын улмаас мал сүрэг үхэж үрэгдвэл даатгалын байгууллага нь холбогдох нөхөн төлбөрийг төлнө.

Амьдралын даатгал ба ердийн даатгалын бас нэг том ялгаа нь амьдралын даатгалын тохиолдол нь тухайн хүний хүсэл эрмэлзлээс үл хамааран амьдралд заавал хэзээ нэгэн цагт бий заавал болдог бол ердийн даатгалын тохиолдол нь ерөөсөө хэзээ ч бий болохгүй байх нь магадлалтай байдагт оршино. Жишээ нь: хүн хөгширнө, өвчинд нэрвэгдэнэ, бас үхнэ. Үхдэггүй, өвчилдөггүй, хөгширдөггүй амьдралыг хүн төрөлхтөн бий болгож амжаагүй л явна.

Ийм л ялгаатай учраас хүн төрөлхтөн өдий болтол даатгалыг амьдралын даатгал , амьдралын бус даатгал гэж ангилаад хүнийг нь амьдралын даатгалд , эд баялгийг нь ердийн даатгалд хамруулдаг болсон юм.

Энэ ялгаа нь эцсийн эцэст даатгуулагчийн авч байгаа үйлчилгээний мөн чанар , түүний төлбөрийн хэмжээний ялгаагаар илэрч гарна. Жишээ нь : хүн аливаа эрсдэлд орж амь насаа алдах , эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлын давтамж, магадлал нь нь нь өмч хөрөнгө гал түймэрт эсвэл газар хөдлөлтөд өртөж үнэ цэнээ алдах эсвэл мал сүрэг байгалийн гамшигт өртөж үхэж үрэгдэх тохиолдлынхоос ялгаатай байдаг. Иймд хүн амь насаа , хөдөлмөрийн чадвар алдах тохиолдлыг ердийн даатгалд даатгалд даатгуулахыг өвдөж шаналсан хүнийг мал эмнэлэгт эмчилж байгаатай зүйрлүүлж болох юм.

 

Өөр нэг жишээ бол манай нийгмийн даатгал. Нийгмийн даатгалын үйлчилгээг бүхэлд нь авч үзвэл энэ нь төр нэгдсэн журмаар иргэдийг амьдралын даатгалд бүхэлд нь хамруулж байгаа үйлчилгээ юм.

Амьдралын даатгал нь даатгуулсан иргэдэд ашигтайгаас гадна нийгэмд өөр олон олон хэлбэрээр үр өгөөжөө өгнө. Тухайлбал, амьдралын даатгалын нөөц сангуудыг орон сууцны урт хугацааны зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах ажлын санхүүжүүлэх эх үүсвэрт ашиглана. Мөн түүнчлэн Засгийн газрын урт , богино хугацааны үнэт цаасыг худалдан авахад эх үүсвэр болгодог аж. Өөрөөр хэлбэл амьдралын даатгал нь нийгэмд нэгэнт бий болгосон орлогыг хэрэглээнд биш харин хуримтлал болгон нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой, хамгийн гол нь оролцогч бүх талуудад ашигтай санхүүгийн хэрэгсэл юм.

Манай улсын хувьд иргэд болон төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэгдсэн олон санал санаачлагуудыг улс төрийн намуудын зүгээс санаачилсан байдаг. Тухайлбал, Төрийн алба-ны тухай хуулиар төрийн албан хаагчийн нийгмийн хамгааллын баталгааг бий болгосон. Ажил үүргээ биелүүлж яваад амь насаа алдах, хөдөлмөрийн чадваргүй болох, эрүүл мэндээрээ хохирох гэх мэтийн тохиолдолууд гарвал төрөөс тэрхүү албан хаагчид нөхөн олговор олгохоор хуульчилсан байна. Энэ төрлийн нийгмийн хамгаалалтуудыг тодорхой санхүүгийн хэрэгслийг ашиглан хэрэгжүүлдэггүйн улмаас төсвийн орлогоос хэт хамааралтай, жигд хүрч чаддаггүй хүртээмж муутай бас төлөвлөлтийн болон бусад ихээхэн хүндрэлүүд гарч байгаа. Тэгвэл амьдралын даатгалын хэлбэрт шилжүүлснээр дээрхи хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлээд зогсохгүй, нэгэнт бий болсон хуримтлалыг эдийн засгийн бусад салбаруудад оруулах боломжтой болох юм.

Нөгөө нэг жишээ бол хүүхдийн мөнгө юм. Сонгуульд аль болох олон санал сонгогчдоос авах гэсэн улс төрийн намуудын эрмэлзлээс үүдэлтэй энэ халамжийн хэлбэр нь сүүлийн үед маш ихээр шүүмжлүүлж байгаа. Улсын төсөвт маш их дарамт учруулдаг, хавтгайрсан халамж, инфляци хөөрөгддөг, иргэдийг залхуу болгодог , хүүхдэд өөрт нь наалдац муутай гэх зэрэг олон олон сөрөг үр дагаварууд гарсаар байгаа. Тэгвэл төр хүүхдүүдийг эцэг эхтэй нь хоршиж Сургалтын төлбөрийн хуримтлалын даатгалд хамруулбал дараахи давуу байдлууд үүсэхээр байна. Үүнд:

  • Төсвийн зардал буурна
  • Хүүхдийн ирээдүйн сурч боловсрох эрх баталгаатай болно
  • Хөрөнгийн зах зээл дээр төлбөрийн чадвар сайтай үндэсний хөрөнгө оруулагч бий болно.
  • Орон сууцны урт хугацааны боломжийн хүүтэй зээлийн эсвэл дэд бүтцийг барьж байгуулах санхүүгийн эх үүсвэр нэмэгдэнэ

Ажил олгогчид хүний нөөцтэй холбоотой олон олон хүнд асуудлуудыг амьдралын даатгалыг ашиглан оновчтой шийдвэрлэдэг аж. Тухайлбал, ажиллагсдаа тогтвор суурьшилтай ажиллуулах нь аль ч ажил олгогчийн хувьд бизнесээ тогтвортой, амжилттай байлгах үндсэн гол нөхцөл байдаг. Өнөөдөр Монголд ажил олгогчид ажилтандаа машин, орон байр авч өгөх, гадаад дотоодод аялуулах , бонус олгох, бараа бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдах мэтийн аргуудыг өргөн хэрэглэж байна. Тэдгээр нь хүртээмж муутай, өндөр өртөгтэй, хамгийн гол нь ажилтан ажил олгогч хоерын сонирхолыг урт хугацаанд хослуулж чаддаггүй сул талтай. Ийм ч учраас сүүлийн үед ажил олгогчид байгуулагадаа тэтгэврийн сан үүсгэх санаачилга их гаргадаг болжээ.

Гэтэл энэ нь ерөнхийдөө хамтарч хуримтлал үүсгэх зөв хандлага боловч бас нэг том сул талтай. Үүсгэсэн хуримтлалын менежментийг хэн хийх вэ ?, хэн хариуцлага хүлээх вэ ?, ямар хариуцлага хүлээх вэ ? гэдэг асуултууд хариултгүй байгаад дээрхи хандлагын сул тал байгаа юм. Тэгвэл ажил олгогч ажилтан хоер хоршиж ажилтнаа эсвэл ажилтаны гэр бүлийн гишүүнийг хуримтлалын даатгалд даатгуулж хуримтлал үүсгэвэл дээрхи асуудлуудыг оновчтой шийдвэрлэж ажилтанаа тогтвор сууршилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.



2017/04/05