Хорт зуршлууд бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?


Амьдралын буруу хэвшил, хорт зуршлаас шалтгаалсан өвчлөл манай улсын хүн амын дунд жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалсан халдварт бус өвчин нас баралтын 80 гаруй хувийг эзэлж байна. Ялангуяа цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин, элэгний өвчин, хорт хавдар зэрэг эрүүл амьдралын хэв маяг алдагдсанаас үүдсэн өвчлөл газар авчээ.


2018 оны байдлаар 5000 гаруй хүн зүрх судасны өвчнөөр, 4000 гаруй хүн хавдраар, 2500 гаруй хүн өвчлөл гадны шалтгаант өвчний улмаас нас баржээ.

Түүнчлэн манай улсын 2 эрэгтэй хүн тутмын 1 нь тамхи татдаг, нэг иргэнд ногдох архины хэмжээ 7.8 литр байгаа нь эрүүл мэндийг доройтуулж буй таагүй үзүүлэлт юм. 

Олон улсын эрүүл мэндийн байгууллагууд болон дотоодын эрүүл мэндийн байгууллагуудын хамтарсан судалгаанд халдварт бус өвчин Монголчуудын эрүүл мэндээс гадна, амьжиргаа, бүтээмжид ихээхэн нөлөөлж байгааг дурджээ. Тухайлбал, гэр бүлийн гол орлого бүрдүүлэгч өвчилбөл тодорхой хугацаагаар ажлаасаа хөндийрч тухайн өрхийн санхүү доголдсоноор өнөө маргаашийн хоол хүнснээс эхлүүлээд эмчилгээний зардлыг зохицуулах шаардлага тулгарна. Хувь хүн зуурдаар нас барвал үлдсэн он жилүүдэд хийж бүтээх байсан хөдөлмөрийн үр дүн үгүй болох зэрэг нөхцөл байдлууд үүсдэг бөгөөд үүний цаана гэр бүлийн гишүүд сэтгэл санаа болон санхүүгийн маш хүнд дарамтанд үлддэг байна. 

Ийм төрлийн өвчлөл цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул үүнийг дагаад зардал ч өсөх нь тодорхой. Халдварт бус өвчлөлүүд, тэр дундаа хорт хавдрын өвчлөл нь эмчилгээний зардлын хувьд хөрөнгө мөнгө нэлээдгүй шаарддаг. Нийгмийн даатгалаас нэг хүнд жилдээ 2 сая гаруй төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй байдаг ч иргэдийн халааснаас гарч буй мөнгө үүнийг давна уу гэхээс дутахгүй. Өндөр өртөгтэй эмчилгээний зардал шаардлагатай болох үед иргэдийн дийлэнх нь тухайн зардлыг хэрхэн шийдэх гаргалгаа нь тодорхойгүй байдаг ба зээл авах, эд хөрөнгөө худалдах, ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг хүсэх байдлаар шийддэг байна. Энэ нь цаг хугацааны хувьд маш их алдагдалтай бөгөөд зарим тохиолдолд өвчнийг хүндрүүлэхэд нөлөөлдөг.

Тэгвэл хүн амын дунд хүрээгээ тэлж буй, ирээдүйд өрхийн амьжиргаанаас эхлээд улсын төсөвт үлэмж дарамт учруулах дээрх хорт зуршлыг хэрхэн бууруулах вэ. 

Үүнийг бууруулахын тулд улсын хэмжээнд “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-үүд хэрэгжиж байна. Нөгөө талаас ИРГЭДИЙН ОРОЛЦОО үүнд маш чухал. Иргэн бүр дор бүрнээ хувийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй.


Заавал өвдсөн үедээ биш үүнээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, архи, тамхи болон давсны хэрэглээгээ багасгах, хорт зуршлуудаа бууруулах, эрүүл зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийж өөрийгөө хайрлах нь зүйтэй.

Мөн эрсдэлүүдийг тодорхойлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах санхүүгийн хэрэгслийг судлах нь хэрэгтэй.

Та эрүүл мэндийн даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой. 



2019/08/06