Хорт хавдраас сэргийлэх бидний зөвлөмж = /media/images/2_OLiu0Sq.original.jpg


Хорт хавдар тусах эрсдэлийг бууруулахад юу нөлөөлөх вэ? Сүүлийн үеийн олон улсын судалгаануудыг харвал бидний танд өгөх зөвлөмж бол:

  1. Эрүүл, хэвийн жинтэй байх.
    Биеийн жингээ хэвийн байлгаснаар 12 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Өчүүхэн жоохон жин хассан ч таны биед эерэгээр нөлөөлдөг байна. Xэвийн жинтэй байж урт удаан амьдрах нь таны залуу насандаа дадал болгох эерэг зуршлаас шууд хамааралтай юм шүү.

  2. Дасгал хөдөлгөөн их хийх.
    Дасгал хөдөлгөөн сайн хий, их хөдөлж бага суу. Тогтмол хөдөлгөөнтэй байснаар та 3 төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Та долоо хоногт дор хаяж 150 минутын хөдөлгөөн хийх цаг өөртөө гаргаж байх хэрэгтэй. Хэрэв та завгүй, ажил ихтэй өөртөө цаг гаргаж амжихгүй байвал ядаж ажил гэр хоёрынхоо хооронд алхаж хэвшээрэй. Хөдөлгөөн бол эрүүл урт наслалтын нууц юм шүү.

  3. Эрүүл зөв хооллолт.
    Жимс ногоо, буудай, буурцаг, шош зэрэг эрүүл хүнсийг өдөр тутам хэрэглэж хэвшээрэй. Ингэснээр та биеийн жингээ хэвийн байлгаж чадахаас гадна олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлж чадах юм. Өнөөдөр хийсэн таны эрүүл хоолны сонголт, маргаашийн жаргалтай амьдралын үндэс юм.

  4. Хүүхдээ хөхний сүүгээр хооллох
    Нярай хүүхдийг хөхний сүүгээр хооллох нь эрүүл саруул өсөхөд нь туслахаас гадна, эмэгтэй хүн таныг хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг байна. Хүүхдийг байнга хөхний сүүгээр хооллосноор эмэгтэй хүний биед буй хорт хавдартай холбоотой гормонуудын төвшинг бууруулж, ДНХ-ийн гэмтэлтэй байж болох эсүүдээс салахад тусалдаг байна.

Ингээд эдгээр урьдчилан сэргийлэх аргуудыг харвал хорт хавдар тусахгүй байх нь таны амьдралын хэв маягт оршиж байгаа юм.

 

Эх сурвалж:

World Cancer Research Fund. 2018.