Хүүхдийн хорт хавдар 2014 оноос хойш жил бүр 100 тохиолдлоор нэмэгджээ


ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Э.Учралбуян

Нийгмийн сүлжээнд өрнөх хорт хавдартай хүүхдүүдэд туслах аян бага насны хүүхдүүдийн дунд хорт хавдрын тохиолдол ихэссэн байна гэдэг дүгнэлтэд хүргэж байлаа. Мөн насанд хүрсэн хүн хорт хавдраар өвдөхөд Монголд эмчлэгдэх боломжтой гэж үздэг атал яагаад хүүхдүүд хорт хавдраар өвдлөө гэхэд заавал гадагшаа явж эмчлүүлэх ёстой нөхцөл байдал үүсдэгийг тодруулахаар ХСҮТ- ийг зорьсон юм.

Ингээд эмчээс сонссон хамгийн цочирдом мэдээ бол 2014 оноос хойш хүүхдийн хорт хавдар жил тутам 100 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт байв. Би андуурч бодоогүй аж, ингээд цөөн хормын тодруулга ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

Хүүхдийн хорт хавдрын талаарх сүүлийн үеийн судалгаа ямар байгааг хэлж өгөөч?

Хүүхдийн хорт хавдрыг хортой, хоргүй гэж ангилдаг. Хортой хавдар нь ХСҮТ дээр ирж бүртгэл явагддаг. Албан ёсны бүртэл, тоон мэдээллүүд Статистик мэдээллийн алба, Монгол улсын тусгай мэдээллээс мэдээллээ авдаг.

Уг судалгаагаар 2014 онд хорт хавдартай хүүхдийн тоо 552 байгаагаас 134 нь хортой, 422 нь хоргүй. 2015 онд 617 хүүхдийн 459 нь хоргүй хавдартай, 150 хортой, 2018 оны байдлаар 702 тохиолдлын 442 нь хоргүй, 260 нь хортой хавдартай байна. Үүнээс харахад хортой хавдрын тохиолдол нь жил бүр нэмэгдэж байгаа юм.

Хүүхдийн хорт хавдрын тохиолдол ихсэж байгаа шалтгаан юу вэ?

Хоёр гол шалтгааныг нэрлэж болно. Нэгдүгээрт, хуучин цагт яг тодорхой шинж тэмдэг гарч илрээгүй л бол нарийн шинжилгээ, оношилгоо хийж чадахгүй байсантай холбоотойгоор зарим өвчин, хорт хавдрыг оношилж чадахгүй байсан бол сүүлийн жилүүдэд оношилгооны тоног төхөөрөмж сайжирч, хүмүүсийн мэдлэг боловсрол илүү сайн байгаагийн хэрээр эрт үзүүлж оношлуулж, илрүүлж байгаа юм. Нөгөө талаасаа Монголын хамгийн хэцүү нөхцөл болох агаарын бохирдол нөлөөлж байна. Шууд хүчин зүйл болоход нөлөөлөхүйц хэмжээний байгаа юм. Хүүхдийн дархлааны систем төрсний дараа бүрдэж эхэлдэг. Гэтэл бүрэлдэж амжаагүй байхад гадаад орчноос нөлөөлж байгаа сөрөг хүчин зүйлүүд нь өвчлөл үүсэх магадлалыг өндөр болгож байна. Уушгины хорт хавдарт тамхи нэг номерт хавдар үүсгэх аюултай шүү гэдгийг хүмүүс мэддэг шиг, үүнтэй адилхан агаарын бохирдол ихсэж байгаа нь аюулын нэг тохиолдол юм.

Хотод амьдардаг хүүхдүүд илүү өртөөд байна гэсэн үг үү? Хүүхдийн хортой хавдрын тархалтын байдал ямар байдаг вэ?

Шалтгаан тодорхойгүй тохиолдол нь илүү байдаг. Гэхдээ үр хөврөлийн гаралтай, хромосом, генийн гажигтайгаар хорт хавдар үүсэх нь их. Мөн хүүхэд том болоод 15, 16 зэрэг насан дээрээ ямар нэгэн гэмтэл авах үед суурь нь хавдар сэдрэх тохиолдол бас бий.

Монгол улс болон ХСҮТ-ийн хувьд хүүхдийн хорт хавдрын ямар ч тохиолдлыг бүрэн илрүүлж, оношлох боломжтой байдаг уу?

ХСҮТ гэхээсээ илүү ЭХЭМҮТ-д хүүхэд дөнгөж төрснийхөө дараа оношилгоонд ордог.Тэнд онош нь батлагдаад дараа нь ХСҮТ-д ирдэг.  Хортой хавдрын нэг номерт цусны хорт хавдар байдаг учраас ЭХЭМҮТ-д Цусны хавдрын тасаг ажиллаж байна. Энэ тасагт хавдраа оношлоод, химийн тариа эмчилгээ хийчихдэг.

Харин зөвхөн манай ХСҮТ дээр л туяа эмчилгээний аппарат байдаг учраас туяа эмчилгээнд орох  шаардлагатай хүүхдүүд нь манайд ирдэг. Хүүхдийн дунд тархины хорт хавдар, зөөлөн эдийн хавдар, лимфома буюу булчирхайлаг эсийн гаралтай хавдрууд зонхилон тохиолдож байна.

Тэгэхээр хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ буюу мэс засал, хими, туяа эмчилгээнүүд хослон хийгддэг. Тиймээс хэдийгээр цусны хорт хавдартай хүүхдэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа ч гэсэн туяа эмчилгээнд орох шаардлагатай гэж үзвэл манай төв рүү явуулдаг. Бүх өвчин дээр нарийн стандарт эмчилгээ байдаг учраас түүнийхээ дагуу хийгээд явдаг.

Монголд хүүхдийн хорт хавдар бүрэн эмчлэгдэх боломж хэр байдаг вэ? Хорт хавдартай хүүхдүүд заавал гадаадад очиж эмчлүүлэх нь их байгаа мэт харагдаж байна. Магадгүй нийгэмд өрнөж буй тусламжийн аянаас үүдэлтэй бодол ч байж мэднэ?

Эрт оношлуулж чадвал эмчлэгдэнэ. Хожуу байх юм бол хэцүү л дээ. Эрт оношлогдсон тохиолдолд хавдар жижигхэн хэмжээтэй, тархалт бага байдаг учраас мэс заслаар авах, түүний дараах эмчилгээ нь ч сайн хийгддэг. Хавдрын нэг аюултай зүйл нь хүний биеийн хаана ч аль ч хэсэгт гарч болдог. Илрэх онцлог, үе шат, төрлөөс хамаараад эмчилгээний сонголт ч өөр өөр байна. Тухайн хавдар ямар үе шатанд байгаагаас шалтгаалаад бид амьдрах чадамжийг нь ярьдаг.

Хожуу илэрсэн, хүнд үе шатандаа орсон хавдрыг Монголдоо эмчлүүлэх эсэхэд юу нөлөөлөөд байна вэ? Гадаадад яаж эмчилдэг юм бэ? Ямар шатны, ямар хорт хавдартай хүүхдүүд гадаад яваад байгаа юм бол?

Нэг жишээ гэвэл нэг хүүхэд тархины хавдрын мэс засал хийлгээд дараа нь туяа, хими эмчилгээгээ хийлгээд явж байх үед дахилт илрээд, Монголд хагалгаанд ороход хүндрэлтэй, тоног төхөөрөмж байхгүй учраас гадагшаа явж эмчлүүлж байгаа. Түүнээс биш манай эмч, мэргэжилтнүүдийн хувьд чадвар чадамж сайн. Болохоос нь болохгүй хүртэл бид бүх арга хэмжээг авч эмчлээд техник тоног төхөөрөмж маань тухайн хавдрыг эмчлэхэд хангалттай сайн биш гэсэн үед бид гадаад руу явуулж байгаа.

Туяа эмчилгээ гэхэд л дэлхийн ихэнх улсад маш нарийн, чанартай тоног төхөөрөмж хэрэглэдэг. Манайх удахгүй ашиглалтад оруулах гээд явж байна. Зарим өндөр хөгжилтэй оронд туяагаар бүрэн дүүрэн эмчлэх робот хүртэл гарчихсан байна шүү дээ.


Тэгэхээр манайд хорт хавдрыг эмчилж чадахгүй байгаа асуудлыг эмч нарынхаа чадварт эргэлзээд явж байна гэж буруу ойлгож болохгүй.


Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний төлбөр ямар байдаг вэ? Ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

Хүүхдийн хорт хавдар гэлтгүй бүх л эмчилгээ манай улсад зуун хувь үнэ төлбөргүй хийгддэг. Манай дээр хийгдэж байгаа бүх эмчилгээ үнэ төлбөргүй. Ховор, үнэтэй эм тариа шаардлагатай буюу бай эмчилгээний нарийн эмнүүд байхгүй тохиолдолд үүнийг эмчүүлэгчид маань гаднаас өөрсдөө авдаг. Эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөхүйц сүүлийн үед гарч ирж байгаа эм бэлдмэлүүдийн хувьд л гэхэд нэг сарын хэрэглээ нь дор хаяж 2 сая төгрөг болдог ч юм уу. Гэтэл энэ үнэтэй бэлдмэлүүдийг эмнэлгээс хангаж эмчлэнэ гэдэг нь өөрөө хүндрэлтэй л дээ. Тийм боломж нь ч байхгүй.

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээ хэр хүлээлттэй, оочер, ачаалал ямар байна вэ?

Хавдартай хүүхдүүдийн хувьд ямар нэг оочер дараалал байхгүй шууд эмчилгээндээ хурдан шуурхай ороод явж байгаа. Хорт хавдартай том хүмүүсийн хувьд эмчилгээнд орох гэж сар гаран хүлээдэг байхад хүүхдийн хувьд ийм хүлээгдэл байхгүй.

Хүүхдээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам юу вэ?

Хүүхдээ эрүүл байна гэж бодоод шинжилгээнд оруулдаггүй хандлага байна. Заавал зовиур шинж тэмдэг илрэхэд нь бус жил бүр хүүхдээ бүрэн оношилгоо, шинжилгээнд хамруулаад явахад хожуу үе шатанд орохоос нь өмнө илрүүлж эмчлэх боломж бүрдэнэ. Эрт оношлогдох тусам эмчилгээний үр дүн сайн, бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг эцэг эхчүүд байна ойлгоосой гэж хүсье.

Танай төвд дээр хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн эмчилгээний үр дүн ямар байна вэ?

Эмчилгээг зохих ёсоор нь л хийгээд явж байгаа.Бусад эмчилгээтэйгээ хавсарч хийдэг учраас дан ганц манай төвөөр үр дүнг тодорхойлох боломжгүй. Мэдээж эмчилгээгээ бүрэн хийлгээд гараад, эмчийнхээ хяналтад цаг тухайдаа ороод эрүүл саруул олон жил явж байгаа хүүхдүүд ч зөндөө бий.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Хүүхдүүдийн дунд хорт хавдрын нөхцөл байдал ямар түвшинд байгааг та бүхэнд албаны эх сурвалжаас тодруулан хүргэлээ. Ярилцлагын төгсгөлд дахин сануулахад “Хүүхдийн хорт хавдар 2014 оноос хойш жил бүр 100 тохиолдлоор нэмэгджээ”. Цаашид энэ үзүүлэлт нэмэгдэх хандлага байгааг ч мэргэжлийн эмч нар хэлж байна.

Орчин үед өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх гэдэг хоёр ойлголт салшгүй холбоотой болсон байна. Ийм учраас нэгдүгээрт “эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд” ойлголтыг чанд баримтлах мөн болзошгүй тохиолдолд санхүүгийн хувьд хүчирхэг байх нь чухал юм.  

Та хорт хавдрын даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр https://nlic.mn/eruulmend/khavdar  зочлоорой. Уг даатгалд гэр бүлээрээ хамрагдсанаар 19 хүртэлх насны бүх хүүхдүүдийг үнэгүй даатгах боломжтой.