Нэйшнл Лайф Даатгал ХХК ажилтнууддаа хувьцаа эзэмшүүллээ = /media/images/pure-white-background-85a2a7fd_30.original.png


Монголын анхны урт хугацааны буюу амьдралын даатгалын Нэйшнл Лайф Даатгал ХХК нь 2022 оны 11-р сарын 23-ны өдөр компанийнхаа түүхэн хөгжилд хувь нэмэр оруулж үнэ цэн бүтээлцсэн 50 ажилтанд хувьцаа эзэмшүүлэх батламж гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нэйшнл Лайф Даатгал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Жаргалсайхан, ТУЗ-ийн дарга Ж.Бат-Ирээдүй, Гүйцэтгэх захирал Г.Монголхүү нар болон үе үеийн ажилтнууд нь оролцжээ.

Үйл ажиллагааны үеэр Гүйцэтгэх захирал Г.Монголхүү “Хэрэглэгчдэд бүтээсэн энэ их үнэ цэнийг ажилтангүйгээрээ төсөөлж чадахгүй. Өнөөдөр компанийн түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байгаа нь “Гүнд Инвестмент” холдинг охин компаниудынхаа ажилтнуудад “Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” нэвтрүүлэхээр шийдвэрлэж,  тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхны компани нь Нэйшнл Лайф Даатгал ХХК болж байгааг зарлаж байна. Уг Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр /ESOP/ нь цаашид жил бүр тасралтгүй  үргэлжилнэ. Олон улсад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компаниудын туршлагаас харахад компанийн хувьцааны үнийг тогтвортой байлгах, компанийн үнэлгээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хөтөлбөр болсон байдаг. Мөн ажилтан бүр хувьцаа эзэмшигч болсноор эзний сэтгэлгээгээр ажилдаа хандаж, илүү сэтгэл ханамжтай ажиллаж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт сайжирсан тухай судалгааны үр дүнгүүд ч байна. Энэ боломжийг  тасралтгүй, санаачилгатай үр дүнтэй ажилласнаар өөрсдөдөө бий болгосон бүх ажилтнууддаа талархаж байна. Бид ажилтнуудад хувьцаа эзэмшүүлснээр “ХАМТРАН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧ” гэдэг үгээр түүхийнхээ шинэ хуудсыг нээж байна. Тэгвэл энэхүү тайзнаас нэрсийг нь дуудах хүмүүсийг манай компанийн 15 жилийн түүхийг бүтээлцсэн хамтрагчид гэж итгэл дүүрэн хэлмээр байна” гэдгийг онцлов.

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж 2008 онд Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаас хойш ХБНГУ-ын “Мюних Ре” давхар даатгалын компанитай тасралтгүй хамтран ажиллаж байна.. Бид амьдралын даатгалын үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлээд  15 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө компани олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн, хувийн тэтгэврийн, амь насны зэрэг амьдралын даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж, даатгалын соёлыг иргэдэд түгээн дэлгэрүүлэн, системийн инженерчлэлд суурилсан оюуны болон дижитал шийдлүүдийг хамтдаа бүтээж үнэ цэнээ нэмэгдүүлж байна. 

Нэйшнл Лайф Даатгал ХХК нь ирэх онд нээлттэй хувьцаат компани болохоор зорьж байгаа бөгөөд “Тууштай түншлэл, Цэгцтэй сэтгэлгээ, Хүртээмжтэй шийдэл”-ийг үнэт зүйлээ болгон эрхэмлэж “Амьдралын даатгалын үйл ажиллагаагаар өрх бүрийн зорилгодоо хүрэх санхүүгийн баталгааг бий болгож нийгэмд хүртээмжтэй үнэ цэнийг бүтээнэ” гэсэн хэтийн зорилготойгоор ажиллаж байна.