Ажилтны wellbeing-ийг мэддэг боловч ашиглаж чадахгүй байна уу?

2026-03-23

Сүүлийн жилүүдэд байгууллагууд, ялангуяа жижиг дунд бизнесүүд ажилтныхаа эрүүл мэнд, амьдралын чанард илүү анхаарах болсон. Судалгаанууд ч үүнийг баталж, ихэнх байгууллагууд энэ чиглэлд тодорхой алхам хийж эхэлснийг харуулдаг. Өөрөөр хэлбэл, ажилтны эрүүл мэнд гэдэг нь зөвхөн хувь хүний асуудал биш, байгууллагын амжилттай шууд холбоотой гэдгийг ойлгож эхэлжээ.

Гэвч энд нэг сонирхолтой зөрүү гарч ирж байна. Байгууллагууд ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдлын ач холбогдлыг ойлгож байгаа ч бодит хэрэгжилт дээрээ бүрэн хүрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, “ойлгодог ч хийдэггүй” байдал түгээмэл ажиглагдаж байна.

📊 Canada Life-ийн хийсэн судалгаанаас үзвэл

Жижиг, дунд бизнесүүдийн 82 хувь нь ажилтнууддаа эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг гэж хариулсан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь, ажил олгогчид өөрсдөө хамгийн үр дүнтэй гэж үзсэн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэх нь харьцангуй бага байдаг явдал юм.

Жишээлбэл, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих онлайн зөвлөгөө, стресс бууруулах хэрэгслүүдийг санал болгодог байгууллагуудын 90 хувь нь эдгээрийг үнэхээр үр дүнтэй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч ердөө 28 хувь нь л ажилтнууддаа ийм боломжийг санал болгодог байна. Энэ нь сэтгэл зүйн дэмжлэгийн ач холбогдлыг ойлгож байгаа ч хэрэгжүүлэлт хангалтгүй байгааг илтгэнэ.

Мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих онлайн дасгал, зөв хооллолтын хөтөлбөрүүдийг санал болгож буй байгууллагуудын 96 хувь нь үр дүнтэй гэж үнэлсэн ч, бодит байдал дээр ердөө 10 хувь нь л ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. Үүнтэй адил утас, видео ашиглан эмчид хандах боломжийг санал болгодог байгууллагуудын 92 хувь нь энэ нь ажилтны өвчний чөлөө, эрүүл мэндийн байдлыг удирдахад тустай гэж үзсэн боловч зөвхөн 12 хувь нь л ийм үйлчилгээ нэвтрүүлсэн байдаг.

Даатгалын хувьд ч ижил дүр зураг харагдана. Хувийн эрүүл мэндийн даатгалыг санал болгодог байгууллагуудын 92 хувь нь үүнийг маш чухал гэж үзсэн ч ердөө 27 хувь нь ажилтнууддаа олгодог байна. Харин хүнд өвчний болон амь насны  даатгалын хувьд 88 хувь нь хэрэгтэй гэж үнэлсэн боловч зөвхөн 20 хувь (хүнд өвчин) болон 14 хувь (амь насны даатгал) нь бодитоор санал болгодог байна.

Энэ бүхнээс харахад байгууллагуудын хувьд асуудал нь мэдээлэл дутмагт биш, харин хэрэгжилтийн шатанд байгааг ойлгож болно. Ихэнх тохиолдолд зардал өндөр гэсэн ойлголт, юунаас эхлэхээ мэдэхгүй байх, ажилтнуудынхаа бодит хэрэгцээг судлаагүй байх, мөн хүний нөөцийн бодлого хангалттай хөгжөөгүй зэрэг шалтгаанууд ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд саад болж байна.

Chris Morgan, Canada Life executive, Canada Life компанийн бүтээгдэхүүн, стратегийн захирал, жижиг, дунд бизнесүүдийн ажилтны эрүүл мэндийн дэмжлэгийн судалгааны мэргэжилтэн, хэлэхдээ:

“Жижиг бизнесүүд эрүүл, идэвхтэй ажиллах хүчнээс ихээхэн хамаардаг бөгөөд ажилтан өвдөхөд байгууллагын бүтээмж шууд буурдаг” гэдгийг онцолсон. 

Өөрөөр хэлбэл, ажилтны эрүүл мэнд гэдэг нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин байгууллагын бүтээмж, тогтвортой байдалтай шууд холбоотой стратегийн асуудал юм.

Тиймээс байгууллагууд дараагийн шатанд анхаарах шаардлагатай байна. Юуны өмнө, үнэхээр хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай дэмжлэгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Үүнд сэтгэл зүйн дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, өрхийн санхүүг эрсдэлээс хамгаалах шийдлүүд багтана. Эдгээр нь нэмэлт зүйл биш, харин орчин үеийн ажилтны суурь хэрэгцээ болжээ.

Мөн бүх ажилтанд ижил төрлийн дэмжлэг хэрэгтэй биш гэдгийг ойлгож, нас, амьдралын нөхцөл, хэрэгцээнээс хамаарсан уян хатан шийдэл санал болгох нь чухал. Үүний зэрэгцээ байгууллагад аль хэдийн байгаа боломжуудыг ажилтнууд бодитоор ашиглах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд үйлчилгээ байгаа ч ажилтнууд мэдэхгүй, ашиглахгүй байх нь элбэг байдаг.

Эцэст нь, даатгалыг зөв ойлгох хэрэгтэй. Даатгал бол зүгээр нэг бичиг баримт биш, харин ажилтны амьдралын баталгаа, санхүүгийн хамгаалалт юм.

Дүгнэж хэлбэл, өнөөдөр байгууллагууд ажилтныхаа эрүүл мэндийн ач холбогдлыг ойлгож эхэлсэн ч дараагийн чухал алхам нь энэ ойлголтыг бодит хэрэгжилт болгон хувиргах явдал юм. Ажилтнууд бол байгууллагын хамгийн том хөрөнгө учраас тэдний эрүүл мэнд, амьдралын баталгаанд анхаарах нь урт хугацаанд хамгийн зөв, хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно.