ЭРҮҮЛ МЭНД БИДНИЙ ХУВЬД ХАМГААЛАХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ ҮНЭТ ЗҮЙЛ
2024-03-22
Бидний амьдралд урьдчилан тооцоолох боломжгүй аливаа эрсдэл тохиолдож байдаг. Эрсдэлийг бид халтирч унах, гэмтэж бэртэх, өвдөх зэргээр ойлгодог. Гэвч эрсдэл гэдэг нь бидэнд тохиолдож болзошгүй, тодорхой хэмжээгээр хохирол учруулах нөхцөл байдал үүсэх явдал юм. Өөрөөр хэлбэл халтирч унах нь эрсдэл биш, харин халтирч унаснаас үүсэх нөхцөл байдал нь эрсдэл юм. Эрсдэл тохиолдох үед бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд бидний хувьд хамгаалах ёстой хамгийн чухал үнэт зүйлсийн нэг гэдэгт та санал нэгдэх биз.
Бидний эрүүл мэндэд маш олон эрсдэлд хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнийг бүлэглэн авч үзвэл, хүрээлэн буй орчны нөлөө 25% , удамшлын элдэв өвчин 10%, эмнэлгийн үйлчилгээ, цаг үеэ олсон байдал 10%, амьдралын хэв маягаас 55% хамаардаг байна. Орчны нөлөөний хувьд өнөөдөр Монголын нөхцөл байдалд агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдол зэрэг нь тулгамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Тухайлбал, зүрх судасны өвчлөлийн 20 орчим хувь, уушгины хавдрын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй ба нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдолтой ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн судалгаа гарсан байна. Хог хаягдал, хөрсний бохирдол нь нян, химийн хорт бодис агуулсан байдаг тул хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон төрлийн халдварт өвчин, хордлогууд үүсгэх гол хүчин зүйл болдог байна.
2018 оны байдлаар дунджаар 5000 гаруй хүн зүрх-судасны тогтолцооны өвчин, 4000 гаруй хүн хавдраар, 2500 гаруй хүн гэмтэл хордлого ба гаднын шалтгааны улмаас нас барсан байна. Халдварт бус өвчний гол шалтгаан болох амьдралын буруу хэв маяг буюу архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь манай улсын хүн амын дунд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Нийт хүн амын 27,1% тамхи татдаг, 20% архи хэтрүүлэн хэрэглэдэг, 22,3% хөдөлгөөний дутагдалтай, 54,4% илүүдэл жинтэй, 19,7% таргалалттай байна.
Мэдээж эрүүл мэндтэй холбоотой эдгээр эрсдэлүүд нь санхүүгийн асуудлыг байнга дагуулж байдаг. Бид орчны нөлөө, амьдралын буруу хэв маягаасаа үүдэн өвчин туслаа гэж бодоход туссан өвчнөө эдгээх, эмчлэхэд зайлшгүй мөнгө шаардагдана.
Айл өрхийн орлого, зарлага харилцан адилгүй учраас эмчилгээний зардал өрхийн санхүүд харилцан адилгүй нөлөө үзүүлнэ. Гэвч өндөр дүнтэй эмчилгээний зардал гарах тохиолдолд тухайн өрхөд санхүүгийн хүндрэлийг бий болгох нь мэдээж. Тухайлбал, Тухайн өрхийн ам бүл 4 байлаа гэж бодъё. Аав өрхийн орлогын 60%, ээж өрхийн орлогын 40% бүрдүүлдэг. Аав буюу өрхийн гол орлого бүрдүүлэгч өвдөж, ажил хийх боломжгүй болсон нөхцөлд ээж өрхийн санхүүг ганцаараа авч явах шаардлагатай учирна. Энэ тохиолдолд тухайн өрхийн орлого буурч өрхийн санхүүгийн тогтвортой байдал алдагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл байрны зээлийн төлбөр, хоол хүнс ахуйн зардал, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хэрэглээний зардлуудыг зохицуулахын тулд зээл авах, ойр дотнын хүнээс мөнгө зээлэх, зардлуудаа танах шаардлагатай тулгарна. Эдгээр зардлуудаас гадна нэмэлтээр Аавын эмчилгээний зардлыг зохицуулах болж санхүүгийн хүндрэл үүснэ. Иймээс бид бүхэн эрүүл мэндтэй холбоотой эрсдэлүүдээс үүдэх санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, доголдохоос сэргийлэх арга замыг хайж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй.