ЗЭЭЛТЭЙ ХҮН АМЬД ЯВАХ ҮҮРЭГТЭЙ😨

2025-02-03

Шинэ долоо хоногийн мэнд ! 

Уншигч та бүхэндээ ипотекийн зээлдэгчийн ЗААВАЛ хамрагдах ёстой байдаг амь насны даатгалын талаар мэдээллийг хүргэж байна.

Амьдрал мөнх биш ч банкны зээл л лав мөнх юм шиг санагддаг үе бий. Ялангуяа, 20-30 жилийн хугацаатай ипотекийн зээл авчхаад, сар бүр цалин нь сарниж алга болж байгаа хүмүүс үүнийг сайн ойлгох байх. Гэтэл нэг өдөр гэнэтийн осол, өвчин тохиолдвол энэ их өр яах вэ? Хариултыг нь мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай!

Монголчууд бид эрсдэлтэй улсад амьдарч байгаа шүү! 📉

1. Нас баралтын нийт тоо, шалтгаан

🔴 2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 8,500 гаруй хүн нас барсан. Жилд дунджаар 17,000-18,000 нас баралт бүртгэгддэг.

  • 🫀Зүрх судасны өвчин – Нийт нас баралтын 31.8%-ийг эзэлж байна. (ЭМХТ, 2024)
  • 🎗️Хорт хавдар – Жилд 5,200 гаруй хүн энэ өвчнөөс болж нас бардаг. (ҮСХ, 2024)
  • Элэгний өвчлөл (В, С вирус, хатуурал, хавдар) – Жилд 2,300 гаруй хүн элэгний өвчнөөр нас барж байна. (ЭМХТ, 2024)
  • Чихрийн шижин, бөөрний дутагдал – Архаг хууч өвчний улмаас хүндрэл үүсэж, нас баралтын 12%-ийг эзэлж байна. (ҮСХ, 2024)
  • 😷Амьсгалын замын өвчний хүндрэл (уушгины үрэвсэл, астма, ХОБӨ) – 1,900 гаруй хүн уушгины өвчний улмаас амь насаа алдсан. (ЭМХТ, 2024)

2. Гэнэтийн ослын улмаас нас барсан хүмүүс

🔴 2024 оны эхний хагас жилд нийт 800 гаруй хүн гэнэтийн ослын улмаас амиа алдсан.

  • 🚗💥Зам тээврийн осол – Жилд 500-600 хүн авто ослын улмаас амь насаа алддаг. (ЗЦГ, 2024)
  • 🏗️Ажил, хөдөлмөрийн осол – 2024 онд 180 гаруй хүн ажлын байранд амиа алдсан. (Хөдөлмөрийн аюулгүй байдлын төв, 2024)
  • 🔥Гал түймэр, байгалийн гамшиг – Жилд 100-150 хүн гал түймэр, үер, хүйтний эрсдэлийн улмаас амь насаа алдаж байна. (Онцгой байдлын газар, 2024)
  • Бусад гэнэтийн шалтгаан (архины хордлого, хүчирхийлэл, амиа хорлолт) – Жил бүр 1,500-2,000 хүн энэ шалтгаанаар нас бардаг. (ҮСХ, 2024)

Эдгээрээс харахад хүн бүрд л эрсдэл бий. Бидний хайртай "сүүтэй цай" хүртэл холестерины эх үүсвэр болоод зүрхэнд ачаалал өгч байхад, өдөр бүр хөл хөдөлгөөн ихтэй хотын замаар явж, утаатай агаараар амьсгалж байгаа бид хэзээ нэгэн цагт "хэзээ ч тохиолдож мэдэх зүйл"-тэй нүүр тулж магадгүй юм. 😵

Даатгалгүй бол юу болох вэ?

Таныг ипотекийн зээлтэй байхад гэнэтийн зүйл тохиолдвол:
❌ Өрийг чинь гэр бүл тань үргэлжлүүлж төлнө 😓
❌ Төлж чадахгүй бол банк байрны тань түлхүүрийг авна 🏚️
❌ Орон гэргүй болох эрсдэл үүснэ 🚷

Харин даатгалтай бол:
✅ Даатгалын компани зээлийн үлдэгдлийг төлнө 💰
✅ Гэр бүл тань байртайгаа үлдэнэ 🏡
✅ Таны нэрээр банкны хар самбар дээр "өртэй хүн" гэж бичигдэхгүй 🤭

Амь насны даатгалын нөхцөл, хамрах хүрээ

🔹 Даатгалын хураамж – Жил бүр таны зээлийн дүн, зээлийн хугацаа, болон нас, хүйснээс хамаарч хүн болгонд харилцан адилгүй байна.
🔹 Даатгалын хугацаа – Зээлийн төлөлтийн хугацаатай уялдан үргэлжилнэ.
🔹 Хамрах эрсдэлүүд – Нас баралт (өвчин, осол, гэнэтийн хүчин зүйлс, хөдөлмөрийн чадвар бүрэн алдах).
 

Бодит амьдрал дээр юу болсон бэ? (Кейс судалгаа) 📖

Кейс #1: Даатгалтай байсан ч нөхөн төлбөр аваагүй 😞 ЯАГААД?

Иргэн Б 42 настайдаа ипотекийн зээл авч, банкаар дамжуулан ердийн даатгалд амь насны даатгалд хамрагдсан байв. Тэрээр чихрийн шижинтэй байсан.

2024 онд түүний чихрийн шижин хүндрэн, бөөрний дутагдалд орж харамсалтайгаар нас барсан. Гэр бүл нь даатгалын компаниас нөхөн төлбөр хүссэн ч даатгалын хамгаалах эрсдэлд тус шалтгаант амь насаа алдалт байхгүй байсан тул тэд зээлийн үлдэгдлийг өөрсдөө төлөхөөс өөр аргагүй болжээ.

➡ Сургамж: Ердийн даатгал зөвхөн тодорхой эрсдэлүүдийг хамардаг тул илүү өргөн хамгаалалттай урт хугацааны даатгалыг сонгох нь илүү найдвартай.

 

Кейс #2: Урт хугацааны даатгал нь гэр бүлийг хамгаалсан ✅

Иргэн О 32 настайдаа ипотекийн зээл авч, урт хугацааны даатгалаар амь насны даатгалаа хийлгэсэн. Түүний сонгосон даатгал бүх төрлийн өвчний улмаас нас барах тохиолдлыг хамгаалалтад авдаг байсан.

2024 онд түүнд элэгний хорт хавдар оношлогдож, хагалгаанд орсон ч харамсалтай нь бүрэн эдгэрч чадалгүй нас баржээ. Гэр бүл нь даатгалын компаниас нөхөн төлбөр авч, зээлийн үлдэгдлийг бүрэн барагдуулж, байртайгаа үлдэж чадсан.

➡ Сургамж: Урт хугацааны даатгал нь гэнэтийн ослоос гадна бүх төрлийн өвчний эрсдэлийг хамрах тул илүү найдвартай хамгаалалт болдог.

Төгсгөлд нь: Өнөөдөр зээлтэй, маргааш байртай, харин нөгөөдөр...?

Монгол Улсад жилд дунджаар 17,000-18,000 нас баралт бүртгэгддэг. Үүнээс өвчлөлийн шалтгаантай нас баралт өндөр хувийг эзэлж байна. Амьдралд юу ч тохиолдож болно. Хүн үхэх нь гарцаагүй, харин зээл нь таны ар гэрт дарамт болох уу, үгүй юу гэдэг нь таны сонголт. 😅

💡 Ипотекийн зээлтэй та амь насны даатгалд заавал хамрагдаж, гэр бүлийнхээ ирээдүйг баталгаажуулаарай! 🏡💙